Posts

Showing posts from April, 2017

Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Аавын жаалхан охин Амьдрал үзэж, ихийг туулж явна аа Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг... Алдаж оновч дэргэд тань сөхөрч Амжиж хүрэвч дэргэд тань өндийж Хагдарч унасан ч хажууд тань хатаж Хайлан жаргавч хажууд тань налайж Амьдрахыг хүсч байна, Аав аа... Ойртохын хэрээр холддог орчлонд Оройттол надаасаа бүү холдоорой Огтоос хүнгүй үлддэг хорвоод Ододруу яарч бүү тэмүүлээрэй Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг Өнөөдөр инээж дуулж байгаагаа Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ Хатуу харгис мэт амьдралыг Хааяа Та минь зөөллөдөг болохоор Хадган гэрт хүрлээ ч Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ!