Ямар кофе уувал сэргэж Ямар хүнтэй суувал жаргах юм бол доо...
Цайны цаг. Хэн ч байхгүй хүнгүй оффис. Хоолоо идчихсэн. Харин одоо нэг сайхан амттай боргол олоод уучихвал...үдээс хойшоо ажил их аятайхан урсчих гээд байгаа санагдана. Бодолдоо ойр хавийн хөөрхөн хөөрхөн кофе шопуудыг нэг нэгээр нь бодож, хаанаас нь яг аль төрлийн кофег нь уувал энэ бие, сэтгэл бүрэн сэргэж, нозоорохгүй, залхахгүй, эрч хүчтэй мэдрэмж авах юм бол гэдэг хөнгөхөн бодлын араас -Ер нь ямар хүнтэй суувал энэ бие, сэтгэл жаргах юм бол гэсэн хүндхэн бодол өөрийн эрхгүй орж ирэв. ,
Кофе тийм ч хямдхан уух зүйл биш. Кофе шиг кофег уусан шиг уухын тулд маш олон судалгааг хийх хэрэгтэй. Үнэ, амт, хэлбэр дүрс, төрлөөс гадна хамгийн чухал нь БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНД-д нөлөөлөх байдал нь илүү чухал. Түүн шиг, ганц олдох амьдралдаа гарцаагүй гэсэн нэгэнтэйгээ амьдрахын тулд бас л маш олон судалгааг хийх хэрэгтэй. Тэгээд тэр хүн нь СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД-д эерэг нөлөөтэй хүн байх ёстой.
Энэ түмэн бодлууд хөвөрч хөвөр адаг сүүлд нь "-ер нь кофе уухгүй байсан ч болно, хүнтэй суухгүй байсан ч болно" гэсэн адгийн бодол төрнө. Тэгэхдээ кофе уухгүй бол амьдрал амтгүй, хүнтэй суухгүй бол амьдралд ганцаардана. Кофенд дургүй, уудаггүй гэж хэлж явсан цаг саяхан, хүнтэй суухгүй надад хэн ч хэрэггүй гэж бардамнаж явсан цаг бас л саяхан. Кофе уухгүй байсан ч ажлаа хийдгээрээ л хийнэ, амьсгал авдгаараа л авна. Хүнтэй суухгүй байсан ч бүхнийг ганцаараа болгоод л амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хэн ч уу гэж шахахгүй, хэн ч суу гэж шаардахгүй. Энэ зүйрлэл бол кофег эрэгтэй хүнтэй зүйрлэж буй зүйрлэл биш юм. Энэ бол кофе уух хүсэл ба хүнтэй суух хүсэл гэсэн миний 2 төрлийн хүслийн зөрчилдөөн юм.
Comments
Post a Comment