Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Аавын жаалхан охин

Амьдрал үзэж, ихийг туулж явна аа

Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч

Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг...


Алдаж оновч дэргэд тань сөхөрч

Амжиж хүрэвч дэргэд тань өндийж

Хагдарч унасан ч хажууд тань хатаж

Хайлан жаргавч хажууд тань налайж

Амьдрахыг хүсч байна, Аав аа...


Ойртохын хэрээр холддог орчлонд

Оройттол надаасаа бүү холдоорой

Огтоос хүнгүй үлддэг хорвоод

Ододруу яарч бүү тэмүүлээрэй


Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе

Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе


Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно

Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм

Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ

Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа

Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч

Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг

Өнөөдөр инээж дуулж байгаагаа

Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ

Хатуу харгис мэт амьдралыг

Хааяа Та минь зөөллөдөг болохоор

Хадган гэрт хүрлээ ч

Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ!

Comments

Popular posts from this blog

Ямар кофе уувал сэргэж Ямар хүнтэй суувал жаргах юм бол доо...

Жаргаж урссан нулимс

Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй