Жаргаж урссан нулимс
Өнөөдөр бие халаалтын дасгал хийсний дараа иог хийв. Иогын төгсгөлд багш маань нэг монгол киноны байх аа намуухан ая тавиад багшийн хэлэхийг анхааралтай сонсоод нүдээ аниад бясалгаарай гэв.
Их гоё уянгалаг, цээлхэн хоолойгоороо - Өөрийгөө хайрлъя, өнөөдрийн энд, өдийг хүртэл хичээж, зүтгэж, явж ирсэн өөртөө талархъя гээд л багшийг хэлэнгүүт миний муу хоёр нүдний нулимс бөнжигнөтөл урсаж гарав. Арчиж санд мэнд болох гэснээ багшийн хэлж буйг сонсолгүй өнгөрөөчих юм шиг санагдаад анхааралтай сонсох гээд эрчээ аван урсаж буй нулимсандаа түүртсэнгүй. Урсаад л байна, урсаад л байна. Яагаад ч юм зөнгөөр нь тайвнаар жаргалтайгаар урсгах ёстой юм шиг мэдрэмж төрөв. Өөрийгөө хоёр гараараа тэвэрмээр санагдаж, багшийн хэлж буй үг анир бүрт би баярлах талархахыг бүх биеийн хэсгээрээ мэдэрч тайтгарч бас бялхаж байв. Нэг зүйлийг анзаарав. Нулимсаа би ямар жаргалтай гэгч нь урсгана вэ? Хоёр хацар даган ямар ч саадгүй, эрх чөлөөг эдлэн эдлэн урсаж буй тэр долгиолох нь хүртэл нүдний өмнө хязгааргүй уудам далай давалгаалах мэт. Тэрхүү чимээнд нь хязгааргүй гүн тайвшралыг олж буй мэт... Өмнө нь би, магадгүй тэр болгон хүн урсаж буй нулимсаа тайван бас зөнгөөр нь урсгадаггүй байх, бушуухан л арчиж, зогсоохыг хүсдэг. Учир нь энэ бол жаргалын нулимс байв. Өөрийгөө хайрласан, өөртөө талархсан, өөрөөрөө бахархсан нулимс байв. Нулимс минь надад - Тийм ээ, "эрх чөлөө" гэж ийм байдаг юм шүү дээ, чи өнөөдөр чадсан шүү, чи тэр бүхнийг үнэхээр даван туулж чадсан, чи бол мундаг гэж хэлэх шиг л болов. Тэгэхээр би гэдэг хүн өмнө нь үргэлж зовж, шаналж, гомдож, гуниглаж, бачуурч уйлж байсан нь тодорхой байв. Зовж уйлж байсан учраас хацар даган урсах нулимсаа бүү хэл өөрийн биеэ үл хайхран нөгөөх л зовоож шаналгаж байсан зүйлдээ төвлөрч байсан байна шүү дээ. Энэ удаад яагаад ийм гүн гүнзгий, нулимсандаа ингэж ач холбогдол өгч байна вэ гэдэг нь жаргаж урсаж байгаа болохоор өөртөө, өөрөөсөө ялгарах энэ нулимсаа анзаарсан төдий. Чөлөөтэй, зоргоороо урсаж буй нулимсаа мэдрээд өмнөөс нь би баярлах шиг.
Багшийн хэлэхийг сонсохдоо өөрийгөө бодохоос гадна улам мэдрэмжийг минь хүчирхэгжүүлж, нулимсыг минь хурдасгаж байсан бодол нь ээж болон охиноо бодсонд байв. Зүгээр л талархаж байна, энэ бүхэнд, энэ амьдралд.
Энэ утга учрыг ойлгосон өнөөдрийн хичээлдээ, бясалгал, иог, багшдаа, энэ зол завшаандаа, энэ амьдралдаа талархаад баршгүй. Жаргаж уйлдаггүй байсан учраас л нулимсаа би хорьдог байж. Хацар даган долгиолох нулимсныхаа дусал бүрийг хайрламаар санагдав. Яг л хоёр хөөрхөн шувуухайг торноос нь гаргаад нисгэж буй мэт торгон мэдрэмж, энэ мэдрэмжийг өшөө илүү сийрүүлье гэвч эгэл миний урын сан энд хүрээд мохно. Ямартай ч энд бүдэг бадаг тэмдэглэн үлдээгээд эргэн эргэн харж эргэн эргэн санъя юу гэж бодов.
Баярлалаа.
Comments
Post a Comment