"Сайхан"

Санаа нэг алдаад сар ширтэх сайхан
Санаа нийлсэн нэгэнтэй саатан ярилцах сайхан
Сэтгэлээ цэгцэлчихээд эргээд нэг харах сайхан
Сэмхэн түүнийгээ ширтээд нууцхан хайрлах сайхан
 

Сайхаан, энэ амьдрал сайхан
 

Ядарч зүдэрхэд түшиж тулах хань ижилтэй байх сайхан
Яадгаа алдан зутарч явахад ижий аавтай байх сайхан
Ямар би төгс биш, далий гишгэхэд дэргэдээ андтай байх сайхан
Ямар нар тэнгэрт үргэлж мандах биш, бүрхэг үүлэн дор дүү нартай байх сайхан
 

Хэлээгүй ч сэтгэлдээ хадгалж явдаг хайртай байх сайхан
Хандарч үзээгүй ч сайхан хархүүг хараад дурлаж явах сайхан
Ааруул идээний дээж хайрлах өвөө эмээтэй байх сайхан
Алдаа оноог минь үнэлж дүгнэх ахтай байх бас л сайхаан!

 
Гишгэх газар, атгах шороотой эх оронтой байх сайхан
Гэрээ санаад нулимс мэгшвэл гүйгээд ирэх хаягтай байх сайхан
Гадаа хүйтэн ч халуун ам бүлтэй байх сайхан
Гэрэл гэгээтэй амьдрал өөд тэдэнтэйгээ тэмүүлэх сайхаан...

 
Дуудаж дуудуулах нэртэй байх сайхан
Дурлалдаа шатаад гуниглаж явах ч бас сайхан
Дасаж дурласан дурлалдаа бүхнээ зориулах сайхан
Дандаа инээхгүй ч нууцхан уйлж суух бас л сайхан...

 
Уужим тэнгэрийн дор ухаан алдтал амьсгаа авах сайхан
Ухаангүй гэнэн явахад мэдлэг хайрласан багштай байх сайхан
Өдөр шөнөгүй ажлаад ирсэн аавдаа аяганы амсар зуулгах сайхан
Өглөө эртхэн босоод ижийдээ цай чанаад өгөх сайхан
Өвгөн буурал болсон ч дэргэд нь л байвал сайхан
Өнөөдөр л ганцаардахгүйхэн шиг гэр бүлтэйгээ байх сайхан.

 
Хорвоод өөр юу сайхан юм бэ?
Хайртай хүмүүстэйгээ хамтдаа л байх сайхан!
Хорвоод би юугаараа баян юм бэ?
Хайртай хүмүүстэйгээ байхад л би баяаан!


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан