Хамгийн өрөвдөлтэй бас ганцаарахнаа...

Хэзээ ч өрөвдөлтэй байгаагүйгээрээ туйлдаж

Хэнээс ч юм гараа сунгахыг нь хүлээхдээ

Хэн нэгэн намайг эндээс гаргаж авна гэж

Хэлтгий заяаныхаа гүнд найдаж байсан

Би ядарч байна, цөхөрч байна

Босож зогссон ч уначих гээд байна

Би залхаж байна, шантарч байна

Бүдрээд өндийсөн ч гундчих гээд байна

Сэтгэлийн үзүүрт сайхан хайрыг мөрөөднө

Итгэлийн мухарт ганцаараа байхыг хүснэ

Хүнээр гэрэлтэж цалгих хорвоод

Хүслээ дааж дийлэхгүйгээр шархалсан байна

Хүйтэн хөндий хайранд дулаацах гэж хичээхдээ

Хэлтэрхий байсан ч хайлахгүйгээр хөлдсөн байна

Өөртөө ч итгэх итгэл үгүй болж

Өрөөлийг багтаах зайгүй болж 

Өнөөдөр яах гэж амьдарч байгаагаа ч 

Өөрөө ч би ойлгохоо байж...

Хэдхэн жилийн өмнө 

Хэний ч өмнө бардамнан явсан

Хөгжилтэй, цоглог, дэлбээгээ нээх шиг цэцэг 

Хоёр, гуравхан жилийн ган, зудыг тэссэнгүй үхэж

Гэхдээ хэнд ч гомдохгүй, бас зүхэхгүй юм

Гэсэхийг хүсэхгүй байгаа нь тэр үү

Ганцаараа л ирсэн шигээ буцах гэж

Гараг он жилүүдийг тоолон суух нь энэ үү

Бүхнээс холдож, бусдаас тусгаарлагдах мэдрэмж

Битүүхэндээ жаргалыг хүссэн ч, хүрэхгүй байгаа мэдрэмж

Би чамд гэж тэмүүлсэн ч ойртохгүй байх мэдрэмж

Би зүгээр ээ гэсэн ч үхтэл шаналж буй мэдрэмж...

Хоосорчихсон...бас холдчихсон

Хүрээд очих зориг байсан ч хүсэл байхгүй...

Эдгэчихсэн...бас мартчихсан

Эргээд харах итгэл байсан ч хүсэл байхгүй...

Хэнд ч гай болохгүй бас итгэл төрүүлэхгүй

Хэний ч хэлсэн замаар бас үгээр явахгүй

Хаана ч очсон хайрлахгүй бас дурлахгүй

Хамгийн өрөвдөлтэй бас ганцаарахнаа...

Надад энэ л зам гэрэлтэй харагдаж байна

Намайг тэнд л аваачих итгэл төрж байна

Тэнд л байвал тайван байх юм шиг

Тэр л миний үлдсэн зам мөр юм шиг....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes