"Мартаа юм болов уу?"

Мандах наран өөдөөс
Мэгшиж биш мишээж байх юм
Мөндөр шиг санагддаг бороог
Малгайгаа аван тосч байх юм
Уулын оргилыг хараад бачуурмаар авч
Удтал харин ажаад тайвширч байх юм
Уруулаа будаад даашинзаа ил гаргаад
Уулзахын жаргалыг догдлон хүлээж байх юм...

Мартаа юм болов уу?
Магад хуучирсан бололтой
Мөнх хайр гэж тамгалж байсан ч
Мөдхөн мартаж орхисон бололтой

Буруу зөвийг салгаж хаяаад
Бусдын л адил инээмсэглэж байна
Буцааж болохгүй цаг хугацаанд дийлдэж
Би чамайг бүр мартаж байна...
Чаддагсан бол чамайг дахин бүтээгээд
Чиний миний хувь заяаг холбохыг хүсч байлаа
Болдогсон бол бор зүрхээ сугалж гаргаад
"Би чамгүйгээр амьдрахгүй" гэж хэлэхийг хүсч байлаа
Харин одоо цээжиндээ тээх амин зүрхээ
Хэтэрхий олон шөнө дааруулсанаа мэдэрч
Хайрын нууцхан харцтай хоёр мэлмийгээ
Хайран дэмий чилээж байснаа олж харлаа...

Мартаа юм болов уу?
Магад чамайг баллуурдаж орхиод
Зургийн дэвтэр дээрээ
Зургаа дахин зурж эхэллээ
Үзэсгэлэнгээ гаргах бүтээл минь чи болог
Үүрд ширтэх хананы зураг минь чи болог
Бийр бэх минь шинээрээ үнэртэж
Биелэгдэшгүй мөрөөдлийн амьдралаа сийрүүлж эхэллээ
Чамгүйгээр...
Бусдын л явах дардан замаар алхаж
Бүтэшгүй өндөр уулын оргил авирч гарлаа
Чамгүйгээр...

Мартаа юм болов уу?
Минийх биш чамайг
Магад эдгэрээ юм болов уу?
Миний чамаас авсан шарх...


Comments

  1. Хайрт минь гээд сэрээдэг чинийхээ хоолойг би мартаагүй...Хацар дээр минь зөөлөн үнсэх дулаахан уруулыг чинь би мартаагүй....Хажууд минь инээмсэглэн алхаж явсан харгуй бүрийг би мартаагүй....Хамтдаа өнгөрөөсөн шинэ жил бүрийг би мартаагүй гээд л...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан