Нэг тийм аймар айдас...

Сайн байна уу, хүндэт Блог минь. Байнга бичиж чадахгүй, ямар нэг зүйл болохоор, ямар нэг алдаа хийчихээд харамсал, уй гашуутай уулзаж байгаад хүлцэл өчье. Бодоод байх нь ээ, чамтайгаа би инээд хөөр, баяр баясал, сэтгэл догдолтойгоо учирсан нь алга дарам цөөхөн аж. Хамгийн ихээр баярлаж, догдлохдоо Америкт ээж аавыгаа ирэхэд тэр нэг зургийг оруулан пост бичиж байсан минь хамгийн их догдолж, цээжинд зүрх минь багтаж чадамгүй баярлаж байсан хэрэг байна. Түүнээс гадна, би дандаа л чийгтэй сормуустай, сэтгэлдээ гунигтай л бичиж байж. Одоо ч ялгаагүй. 

Гурван өдөр гундуухан аашилж, гэртээ өөрийгөө түгжээд, дэр нойтон шөнүүдийг өнгөрөөлөө. Хэн нэгнийг дуудаж уулзаад, хамаг байдгаа дэлгье юү гэхэд хэн ч намайг ойлгохгүй юм шиг. Хамаг байдгаараа уйлахгүй гэж хичээсэн ч, асгартал уйлж байж л сая нэг нойр минь хүрэх шиг. 

Яг одоо би амьдралын аль нэг салаа замын завин дээр ганцаараа суучихсан хаашаа сэлүүрдэхээ мэдэхгүй тэнгэр цэлмэхийг ч юм уу, хүчтэй шуурга ч шуурахыг ч юм уу битүүхэн хүлээж сууна. Хэдэн өдөр л бодлоо. Би чухам энэ нөхцөл байдлаас яаж гарах уу? Ер нь надад гарц гэхээр юм байна уу гэж... Зөндөө л олон зүйл бодлоо. Бодолхийлэхээс өөр зүйл үнэндээ надад байсангүй. Бодол минь цэгцэрч, шийдэл олоогүй байхад хоол ч хоолойгоор давна гэж байдаггүй юм байна. Гадаа гарч өөрөө өөртэйгөө ярьж жаал суулаа. Галзуурчихсан юм уу даа гэсэн хавь ойрын хүмүүсийн харц, та бүхэнд ямар хамаа байна даа гэсэн миний үл тоосон харцтай тэрүүхэн тэндээ тулна. 

Эргээд бодох нь ээ, сэтгэлийг нь гомдоож явсан хүмүүсийнхээ зовлонгийн тоогоор би шаналж суугаа ч юм шиг. Зүгээр л зүрх сэтгэл минь тэднийг хайрлахгүй байхад хүчээр хайрлалтай биш, зам мөрөө хөөцгөөе гэж хэлсэн бүрийнхээ тоогоор одоо харин амьдрал надаар тоглож байх шиг. Тэр хүмүүс сураг сонсох нь ээ, их л сайхан амьдарцгааж байна. Харин ч надтай нийлээгүйдээ баярлах хэрэгтэй. Хайргүй хүний биеийг хэзээ хүртэл дэргэдээ туших вэ тэд? Сайхан эхнэрүүд, сайхан үр хүүхдүүд. Наанадаж л надад байхгүй эрдэнэүүдтэй болцгоосон. Тэдний өмнөөс баяртай явдаг. Өөрсдөө ч гэсэн тэгж л бодож яваа. 

Амьдралдаа зөвхөн өөрөө өөрөөсөө шалтгаалж гаргасан хоёр л алдаа байдаг юм байна надад.
1. Хэзээд өөрийгөө биш өрөөлийг нэгдүгээрт тавьдаг минь
2. Амьдралд тэгнэ, ингэнэ гэж бардам ам гардаг байсан минь
Одоо надад алдсан бүх алдаагаа засаж залруулах биш ахин давтахгүй л байх хатуу даалгавар ирээд байна. 

Намайг хөсөр хаяж, орхин одсон хүмүүс ч бий. Тэгж явсанд нь би бүр баярладаг. Яаж амьдралдаа тэр хүмүүсийг үлдээчихээгүй юм бэ? Хог шаараас ялгаагүй байх байсан, миний амьдралд. Онгоцны буудал дээр ганцаараа яаж хөсөр хаягдсан, ширүүн бороотойд хүйтэн байшингийн гадаа яаж норж, хүлээж цөхөрч байсан...надад бусдаас ялгаагүй гашуун дурлал, дурсамжууд бий. Хүн нэгдэх удаагаа за яахав амьдрал юм чинь гээд өнгөрнө, хоёр дахь удаагаа шүдээ зуугаад тэснэ, харин гурав дахь удаагаа бол уучлаарай, гурав дахь удаа гэж надад байхгүй ээ. Үзэх юмаа үзэж, туулах юмаа би туулчихсан. Надад хангалттай их зовлон шаналал амтагдсан. Одоо бол би тэсэх ч үгүй, тэгэх ч үгүй. 

Аймар шүү дээ, Та нар тэр мэдрэмжийг мэдэх юм уу, эргэлзэж байна. Харин одоо тэр хүмүүс эргээд бичээд, яриад байдаг нь үнэхээр гайхмаар... Ингэж бардам зангаа уландаа гишгэлж, амьдралаа, амьдралдаа оруулсан тэр хүмүүсээ доромжлох байсан юм бол яах гэж, яагаад надад тэгж хандсан юм бэ дээ... Зүгээр л урагшаа хар, хойшоо гэх юм байхгүй, би тэнд чинь байхаа байгаад уже удаж байна. Намайг хөсөр хаясандаа тэгж л их харамсаад гашуудаад үхэх гээд байгаа бол надад одоо сонгосон хүмүүстэйгээ аз жаргалтай, сайхан амьдарч харуул. Тэр үед харамслыг чинь би ойлгоё, үнэлье. Өөрөөр бид яах вэ? Яах ч үгүй.
Чи явсан, би үлдсэн. Би үлдсэн, гэхдээ шал өөр газраас зам мөрөө хөөсөн.    
Одоо энэ бүхнийг зүгээр л бодож суухад инээд минь хүрдэг. Харин дахин тохиолдох вий гэхээс үнхэлцэг минь хагартал айдаг. Хамаг бие минь чичирч, хоолойгоор шүлсээ хүртэл залгилаж чаддаггүй. 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан