Posts

Showing posts from January, 2017

Амаргүй өнгөрсөн арван хэдэн жил минь...

Тийм ээ, арван нас л дөхөж байсан байх Тэнгэр холдож, газар нь хатуудаж байсан үе... Хорвоог дөнгөж таниж эхэлсэн үе минь Хатуу ч гэлээ жаргалтай байсааан... Үүрийн цолмон гэдэг одыг олж харах гэж Үүр цүүрээр гадаа өнждөг байсан юм шиг Үнэндээ өглөө од тэнгэрт залардгийг Өчүүхэн жаахан охин тэр л үед анх харсан. Халаасандаа мянгаас илүү мөнгөтэй Харсан болгоноо авчихдаг сачийтай Хором бүрт үнэтэй шоколадаар сэтгэлээ цатгаж Хүүхдүүдэд илүү гоё сайхныг гайхуулж болох байсан ч Харин азаар эрхэлж биш нэрэлхэж өссөөн би Хамгийн гоё сайхныг тойрч хүн болсон Үүнийгээ би азгүйдэл биш зол гэнэм Үүнээс илүү жаргалтай амьдрал минь одоо хаа байхав...

Намайг хийсгээрэй

Хатуу ч гэсэн дурсамж дүүрэн энэ амьдралаас Хүн тавилангаар нэг л өдөр хагацах учиртай Хаврын тэнгэр шиг энд тэндгүй хийсэх Хэнэггүй миний сэтгэлийг бодож Хүн шарилыг минь газар дор хөдөлгөөнгүй гэгч нь Хөрсөнд булж намайг бүү зовоогоорой Хөөрхий тэнүүлчхэн сэтгэл минь Хүн орчлонгоос холдож чадалгүй тарчилна шүү дээ Харин намайг мөнх бусыг үзэх тэр үед Хөрсөн биеийг минь цагаан даавуугаар ороогоод Хэн ч байхгүй хоосон орон зайд Хамаг биеийг минь гал халуунаар шатаагаарай Хүн байхдаа амсаагүй дулааны илчийг тэгэхэд нэг мэдэрье Хөвсийж юу ч үгүй үнс болох үед Хөөрхий намайг салхинд даатгаад явуулаарай Хадан цохион дээрээс амь бус эд эсийг минь Хайр найргүй цацаж агаарт хийсгээрэй Тэнгэр ямар уудам болохыг харах гэсэн юм Тэртээ хол нисэх ямар байдгийг үзэх гэсэн юм Тэгсэн ч болоогүй салхинд өөрийгөө сүүлчийн удаа Тэмтэрч мэдэрч болох нь уу үзэх гэсэн юм Бурууг хийсэн гэж намайг зэмлэв ч Булшинд л намайг мөнхрүүлж орхив оо