Намайг хийсгээрэй

Хатуу ч гэсэн дурсамж дүүрэн энэ амьдралаас
Хүн тавилангаар нэг л өдөр хагацах учиртай
Хаврын тэнгэр шиг энд тэндгүй хийсэх
Хэнэггүй миний сэтгэлийг бодож
Хүн шарилыг минь газар дор хөдөлгөөнгүй гэгч нь
Хөрсөнд булж намайг бүү зовоогоорой
Хөөрхий тэнүүлчхэн сэтгэл минь
Хүн орчлонгоос холдож чадалгүй тарчилна шүү дээ
Харин намайг мөнх бусыг үзэх тэр үед
Хөрсөн биеийг минь цагаан даавуугаар ороогоод
Хэн ч байхгүй хоосон орон зайд
Хамаг биеийг минь гал халуунаар шатаагаарай
Хүн байхдаа амсаагүй дулааны илчийг тэгэхэд нэг мэдэрье

Хөвсийж юу ч үгүй үнс болох үед
Хөөрхий намайг салхинд даатгаад явуулаарай
Хадан цохион дээрээс амь бус эд эсийг минь
Хайр найргүй цацаж агаарт хийсгээрэй
Тэнгэр ямар уудам болохыг харах гэсэн юм
Тэртээ хол нисэх ямар байдгийг үзэх гэсэн юм
Тэгсэн ч болоогүй салхинд өөрийгөө сүүлчийн удаа
Тэмтэрч мэдэрч болох нь уу үзэх гэсэн юм
Бурууг хийсэн гэж намайг зэмлэв ч
Булшинд л намайг мөнхрүүлж орхив оо
Бусдын амьдрах жаахан зайнд хүртэл
Биеийн минь араг яс тээглэхийг хүсэхгүй...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан