"Яагаад ирчихсэн юм бэ, тэндээ үлдээд гоё амьдрахгүй яасан юм гэж хэлэх, асуух, гайхах хүн бүхэнд..."

Зүгээр л энэ тухай бичмээр байдаг юм. Өглөө бүхэн мандах нарыг харж, энэ амьдралд амьд яваагаа мэдрэх бүртээ би үргэлж боддог, энэ тухай.

2014 онд надад хэн бүхэнд олдоод байдаггүй АНУ-д мастер хамгаалах боломж олдсон билээ. Би ч боломжийг алдаагүй гэхдээ зарим хүмүүсийг амьдралаасаа алдаж орхисон. Энэ бүхэнд хорсож, өөртөө харамсаж, гуниж гутралгүй зүгээр л "хувь тавилан" гэдэгт итгэхийг хүсээд орхисон.

2.5 жилийн хугацаанд завсарлаж, амран байж хамгаалдаг MBA-г өөрийгөө шамдуулан, юунд ч юм яарч гарсаар 1 жилийн дотор дуусгачихав. Зорилго нэгт, гадаад монгол гэлтгүй бүгд л амарч зугаалж, ажил хөдөлмөр эрхэлж тэндээ суурьшиж эхэлж байв. Тэдний хувьд тэр улс гэр орон нь болж төвхнөж байхад миний хувьд гэрээсээ алс хол дотуур байранд түр зуур амьдарч байгаадаа бат итгэж, тэр итгэлээсээ хэзээ ч холдохыг хүсээгүй. Яагаад ч юм надад эх оронлуугаа яарах, хурдхан дипломоо өвөртөлж очоод тэвэрч авахыг хүссэн хүмүүс гэж байсан.

1 жил хагас хугацаа өнгөрөхөд надад дахиад 1 жил үлдэж, хууль ёсны ажил хийх ЗГ-ын урилга ирэв. Үндсэндээ мастераа амжилттай төгссөн оюутан бүрт энэ боломж нээлттэй байдаг. Магадгүй би үүнийг алдсан. Гэхдээ тэнд очихоосоо өмнө АНУ-д сурахыг боломж гэж харан эндэх үнэт зүйлээ алдаж байсан шиг тэр 1 хөдөлмөрлөх жилийг алдан байж өнөөдрийн үнэт зүйлтэйгээ учирсан буй заа. Танилцсан хүн бүр, нөхөрлсөн найзууд болгон л үлдэж, ажиллахыг ятгаж, санал болгож байсан. Хэзээ ч би өөрийгөө тийм зөрүүд гэж бодоогүй. Эсвэл цөхөрсөн ч байсан байж магадгүй. Одоо эргээд 3 жилийн дараа эргээд бодоход би энд үлдээгээд явсан тэр нэг залуугийн төлөө биш намайг төрүүлж, өсгөж, хүн болгосон эцэг эхийнхээ төлөө яарч ирсэн юм билээ.

Харь орны боловсрол, соёл, амьдрал ямар байдгийг үзэх нь л хангалттай. Над шиг эх оронч хүн тэнд үлдэж, ясаа тавих амьдралаа босгоно гэдэг боломжгүй зүйл. Магадгүй би тэнд үлдээд цаашаагаа ч өсөн дэвжээд сайхан л амьдрах байсан байх, аав ээж минь байн байн ирээд л болох л байсан байх. Гэхдээ өнөөдөр 5 км ч хүрэхгүй газар ээж аавыгаа санаад цүнхээ бариад гүйгээд очиж байгаа энэ танхил охинд хэдэн мянган бээрийн цаанаас бэтгэрэхгүй байсан гэж үү.

Хамгийн чухал нь: Надад нэг ах бий. Ах бол яахав дээ, эрэгтэй хүн өөрийн гэсэн гэр бүлтэй, санаа зовох эхнэр, үр хүүхэд гээд л хариуцлага өндөртэй, тэгээд ч ээж аавтай минь нялуураад эрхлээд байдаггүй хөндийдүү хүн. Би бодсон. Намайг байхгүйд аав ээж минь яах вэ? Ер нь бол яах ч үгүй л дээ, ирэх хавар ирдгээрээ ирж, намар ч болдгоороо л болох л байсан. Гэхдээ юу гээч?

Ээжтэйгээ хүнсээ, хувцасаа цуглуулах гээд гадуур дэлгүүр хэсч, хаа нэгтээ аавтайгаа хуучилдаг тэр мөч, цаг хугацаа надад юу юунаас ч илүү үгүйлэгдэж, миний санаа зовж байсан. Талхаа авахдаа хүртэл ээж минь хөл нь өвдсөөр байж өөрөө гарч байгаа даа, өөртөө ганц гутал авах гэж яаж мунгинаж, ганц охиноо үгүйлж байгаа бол... Яг энд! Яг ийм үед нь үр хүүхэд нь дэргэд нь байхгүй бол тэр хүмүүс эцэг эх, би үр хүүхэд нь гэж яваад ер нь яг яах юм бэ? Нэг бодоод үзээрэй. Сонсоход их энгийн санагдаж, сүртэй юм ч гэж уулга алдаж магадгүй. Гэхдээ юу гээч? Амьдрал чинь өөрөө их энгийн. Зүгээр л өтөл насанд нь гар хөлийнх нь үзүүрт зарагдаж, дэргэд нь байхгүй юм бол үнэндээ хайрын тухай яриад яахав дээ. Учир нь миний хувьд, хол зайнаас хоёр хүн бие биенээ мэдэртэл хайрлана гэж боломжгүй, худлаа зүйл гэдгийг амьдралынхаа 1 жилээр би нотолчихсон, мэдэрчихсэн зүйл. Эцэстээ зүгээр л урам хугарч, сэтгэл чинь шархалж л үлдэнэ. Утасны цаанаас аавыгаа яаж зовинож, ээжийгээ яаж өвдөж байгааг мэдэх боломжгүй, тэр хүмүүсийн гэзгийг цайрсаны дараа сая нэг дэргэд нь ирээд яг яах юм бэ? Яг яах юм? Тэр ширхэг үс бүрийг алс холоос надад санаа зовж чилээж цайруулсан гэж бодохоор эцсийн эцэстээ ачийг нь хариулаад байгаа юм уу, амиа бодоод байгаа юм уу?

Эмээ өвөөгөө ч бодохоор надад хэцүү санагддаг. 6 хүүхэдтэй ч өнөөдөр дэргэд нь хэд байна, бүгд л хот хүрээ гээд ирцгээгээд товхиночихсон. Өвөлдөө нэг очиж золгоно, зундаа очиж нэг хүндрүүлнэ. Зуны ганц 2 сар тэдэнд бол зүгээр л бүрхэг тэнгэрт нар гарахтай л адил. Хөгширсөн хойно нь гар хөл нь болж хэд нь, хэн нь дэргэд нь байна вэ? Тэр хүмүүс яг л над шиг эх орноо гэдэг шиг нутаг уснаасаа холдож чадахгүй, хүүхдүүд нь л нүүдлийн шувуу шиг гоё сайхан гэж эндүүрэн хоёр буурайгаа орхисон. Бодохоор л, болдог бол гүйж очоод дэргэд нь амьдармаар, хажууд нь гар утас яаж хэрэглэхийг, тв-ээ яаж янзлахыг, угаалгын машин яаж ажиллуулахыг зааж өгч, урд айлаас хойд айл хүртэл хаа ч хамаагүй машинтай хүргэж өгч, авч, юу идэхийг, юу хийхийг хүссэн бүхнийг нь биелүүлж өгөхийг хүсдэг...
Өтлөх цагт үр хүүхэд нь дэргэд үгүй бол үнэндээ хүн болсоны утга учир юу юм бэ? 

Би гадны өндөр боловсролыг тултал үнэлнэ, дэмжинэ. Дахиад ч явна, боловсорно ч гэж боддог. Гэхдээ тэнд нь үлдэж амьдралаа зохионо гэдэг утгагүй. Эргэн тойрны найз нөхдийнхөө нөхцөл байдлыг би сайтар гадарлаж байсан. Нарийн учир шалтгаанаа тоочоод байгаагүй ч яагаад эх оронлуугаа явахгүй байгаа шалтгаан бүрийг би хүн бүр дээр харж байсан. Бүгд л өөр өөрийн гэсэн учир шалтгаантай. Ингээд бодохоор би бодож үзсэн. Би бол эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн юм байна. Юу ч хийж чадахгүй ч гэсэн надад байгаа энэ жаахан сэтгэл зүрхээр ирээдүйд их зүйлийг хийж бүтээж өгч үлдээж магадгүй гэсэн далд хүсэл надад үргэлж байсаар ирсэн. Одоо ч байна. Авах юм аа олоод авчихсан хүн чинь одоо өөр юунд хоргодож, шунах вэ? Надад байгаа үнэт зүйлсийнхээ төлөө маргааш нь л буцах шийдвэр гаргасандаа би гэхдээ харамсдаггүй ээ, үнэндээ.

Яагаад ирчихсэн юм бэ, тэндээ үлдээд гоё амьдрахгүй яасан юм гэж хэлэх, асуух, гайхах хүн бүхэнд хэлэх уг хариулт минь ердөө л энэ.  

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан