Америкийн өнгө миний нүдээр

Цуврал №1
"Америкт хөл тавьсан минь"

Хэн ч намайг ийм тийм гэж шүүмжлэх эрхгүй, хэнийг ч юугаар ч ялгаварлан үзэж үл болох энэ Америк гэдэг улс Миний Монголын арай ядан хөгжиж байгаа өнгө төрхөөс хамаагүй хол давсан нь нүдэнд минь илтхэн. Эртний түүхийн тэр олон харгуй замын чухам алийг нь сонгоогүй гээд миний эх орон энэ улсаас тэгж их хойд хоцорчихсон юм бол оо?



21  настай ч жаахан харагдах миний бие Америкийн эх оронд ганцаар хөл тавихад найрсаг Америкчуудын инээмсэглэл угтаж, бахдан биширмээр соёл иргэншил өлмийн өмнө өндийн байсансан. Жаахан нүдэнд минь үл багтам агуу том харагдах энэ улс намайг их олон зүйлээр гайхшруулж байлаа. Эх оронд минь үзэгдэж харагдаагүй энэ ганган хээнцэр машин тэрэг, онгоц, онгоцны буудал, барилга байшинг үнэхээр л хүн төрөлхтөн бүтээсэн юм байхдаа гэмээр. Өөрийн биеэ яаая даа гэсэн хэрнээ 18 настай, хэл мэдэхгүй Хятад охинд тусалж, түүнийг унаанд нь суулгаж өгөхдөө сая нэг өөрийгөө арай том болсон юу гэлтэй. Өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах шиг... Тэгээд ч хүний нутагт хүнд тусалж, хүнээс тус хүртэх шиг сэтгэлд тавтай, сайхан зүйл байдаггүй биз.  Гэрээсээ холдсон гунигт сэтгэл, хол харийн нутагт ганцаараа аж төрнө гэсэн бодлуудыг минь энэ улсын гудамж талбай, машин тэрэг, соёлжсон хүмүүсийн харилцаа тэрхэн үед минь мартуулж орхилоо. 

Жинхэнэ Америк орон сууц... Цэгцтэйхэн тавьсан тансаг брэндийн автомашинууд, хашаан дотроо ой модтой юм уу гэмээр нов ногоон модод, цэнгэг усан сан, байрны том цагаан хаалга, цэвэр цэмцгэр корридор энэ бүгд яг л кинон дээр гардаг байсан шиг нүдний минь өмнө байна гэхээр нэг л итгэж өгөхгүй. Газар муутай юм уу гэсэн шиг шамбааралдуулж өрсөн Улаанбаатарын маань орон сууцнуудаас тэс өөр энэ орчинд аж төрнө гэхээс тэсэн ядна сэтгэл догдлоно. 

Гудамжруу харлаа. Нэг ч хог хаягдал хөглөрч явахыг үзсэнгүй. Машин зам гарах гэж гараар товчлуур дарж байж, гэрэл дохионы хажууд "За яв" гэх бичиг гарч ирэхээр л сая нэг зам гардаг юм байна. Юун манай Улаанбаатарын хаа сайгүй мал шиг бэлчиж зам гардаг тэр бүдүүлэг соёл энд огт үгүй юм. Үнэхээр л энэ хотод тэгээд зам гарч байвал ёстой л "мал"-аараа дуудуулахаас аргагүй. Нэг бодлын яарч сандарч явахад төвөгтэй үйлдэл ч гэсэн эцсийн эцэст иргэний амь насны л асуудал шүү дээ. Энд иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, хувь хүний нууцлал, хүсэл сонирхол, гомдол үгсийг нь дээд зэргээр харгалзан үздэг юм байна. 

Алхам тутамд цээжинд минь миний эх орны ард түмэнг засгийн газар маань ингэж харж үздэг бил үү? Ямар азтай хүмүүс вэ гэж бодон дотроо жаахан ч гэсэн Амрикчуудад атаархах шиг. 

Хаанаасаа яаж ургахаараа ийм том бас өндөр юм гэлтэй тэнгэрт тулсан халуун орны өндөр моднууд бас л гайхалтай. Хараад хараад бахадмаар. Дэргэд нь миний нутгийн улиастайн мод гуравны нэгийн хэмжээтэй. Энэ халуун орны хотод нь тэнгэрт тулсан өндөр байшин барилга бараг үгүй мөртлөө тэдгээр өндөр модод нь сүндэрлээд их л сайхан харагдах юм. Ямар толгойтой, ямар ухаантай хүмүүс нь "Барилга хот байгуулалтын яам"-ны ажилтнууд байдаг байна аа гэж биширмээр энэ л хотын зохион байгуулалт, бүтэц нь цаанаа л нэг цэгцтэйхэн өрсөн тоглоом шиг, цэвэрхэн бичсэн "сайхан бичиг" шиг. 

Аххх, Миний Улаанбаатар хэзээ нэг ийм сайхан нүдэнд дулаахан, цэвэр цэмцгэр хот болон хөгжих юм бол доо хэмээн санаа алдав. 
Техник технологийг дурьдахгүй байж яахин болох билээ. Ямар автобус хаагуур хэзээ явахыг нь гар утсаараа мессеж бичээд л мэдчихнэ. Автобусанд нь кондуктор гэж илүү албан тушаалны оронд нэг мөнгөний машин л байх юм. Тийшээ нь мөнгөө шургуулж хийгээд л автобусандаа суучихна. Тэр автобус гэдэг унаа нь манай Монголын Хятад, Солонгосоос хандивлагдан орж ирсэн эсхүл хэний ч юм эрх ашгийн төлөө хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн болох хэдхэн ширхэг царай муутай, хэдийн ашиглалтнаас гарсан автобуснуудаас тэс өөр, хэдэн жилийн хөгжил дэвшлээр урьдсан, бүтэр тоноглогдсон байх юм аа. Үнэхээр өрөвдмөөр... Монгол оо муулах сэтгэл Монгол хүн надад үгүй ч өнөөгийн хөгжлийн түвшин хэн бүхний өмнө ил тод байгаа нь үнэн. Автобусанд нь унадаг дугуйтай ч хүн, тахир дутуу тэргэнцэртэй ч хүн сууж болохоор тийм тоноглолтой. Ярьж сонсоход энгийн зүйл л дээ. Гэхдээ Манай Монгол улс ч гэсэн Яагаад энэ энгийн гээд байгаа зүйлээсээ хөгжлийн ирээдүйгээ эхэлж болохгүй гэж?

2013.02.19

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes