"Нэг тийм үе"

Нэг тийм үе байдаг даа
Нэг л их гунигласан, хямарсан
Яасан болохоо сайн хэлж мэдэхгүй ч
Яагаад ч юм маш их ганцаардсан...

Сайхан гэгч нь ярилцая юу гэхээр
Сэтгэл нийлсэн нь дэргэд байдаггүй
Санаа алдаад мөр түшье юү гэхээр
Сүүдэр хүртэл дэргэд саатдаггүй
Үнэндээ цээж дүүрэн шаналал байвч
Үгээр хэлж, гаргаж чадахгүй байна
Үг үсгийг эвлүүлэн хэлэх гэвч
Үг сөргүүлэлгүй сонсох нэгэн алга
Угтаа сэтгэл дүүрэн урам байгаа ч
Урвуу хорвоод хальтирч уначих гээд
Уулын өөдөө тэмүүлэх сэтгэл байгаа ч
Унасан газар бүртээ шигдэж үлдчих гээд...
Хүүхэд байхдаа онц л сурвал
Хүний жаргалыг тэр гэж бодож явлаа
Хүссэндээ хүрч л байвал
Хөмөрсөн сэтгэл ч баясдаг гэж андуурч явлаа
Одоо надад таван хошуу ч хэрэг алга
Орчлон бүхэлдээ нуруугаа харуулах шиг
Одод хүртэл зорилго мэт гялалзсан ч
Ойртож дөхөхийн аргагүй хол цөлөгдсөн мэт...
Би минут, цаг, өдөр өнгөрөх тусам
Би өөрийгөө аажмаар алдаж байх шиг
Бүтэн бие минь хэлтэрхий сэтгэлийг тээж чадалгүй
Бие сэтгэлийг нэгтгэж дийлэлгүй хуваагаад хаячих шиг
Гэхдээ хагдарсан навч газарт мөнхөрдөггүй
Ганихарсан сэтгэл ганцаардалд сөхөрдөггүй
Хатсан навч хүртэл шаржиганах дуун тай
Харин бие сэтгэл минь тэвчих, тэсэх тэнхээтэй
Нэг л өдөр гэж худал хэлэхгүй
Намар намартаа шарладгаараа шарлаж
Дөрвөн улирлыг элээх болно
Хэн нэгэн гэж эндүү мөрөөдөхгүй
Хэнз хэнздээ хань болдог хорвоод
Хэнээр ч биш өөрөөрөө л амьдрах болно.


#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан