Амьдралын минь нэгэн хуудас...

Бичдэг ч юм шиг, бичдэггүй ч юм шиг нийтлэлүүдийг минь уншдаг ч юм шиг, уншдаггүй ч юм шиг "уншигч" та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Яг үнэндээ би энэ блогийг хэн нэгэнд зориулаагүй юм. Зөвхөн өөртөө л. Өөрийнхөө сэтгэлийн гүнд хуйларсан салхийг намжаах гэж, өөрийнхөө цээжинд дүүрсэн баяр бахдалыг барьж дийлэхгүйдээ, төгсгөлгүй үргэжлэх энэ хэрсүү хорвоогийн хатуу зөөлөнг зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор харж, үзэж, сонсож, ойлгож, мэдэрсэнээ бичиж "өөрийнхөө ирээдүйд" тэмдэглэн үлдээх гэж, эцсийн эцэст өөрөө өөртөө ганц л асуултыг тавьж, хариулж чаддаг байхын тулд нээсэн хэрэг юм.

"БИ ЕР НЬ ХЭН БАЙЖ ВЭ?" Тэгээд "БИ ХЭН БОЛЖ ВЭ?"

Үнэнийг хэлэхэд би шүүмжлэлд дургүй. Олон хүмүүст шүүмжлүүлэн дүүжлүүлэн байснаас зөнгөөрөө өөртэйгөө л хамт байх нь надад илүү дээр санагддаг. Тийм ээ, өнгөрсөн хэдэн жил харийн орнуудаар холын хол ганцаараа галт тэргээр, онгоцоор явж элээсэн цаг хугацаа минь намайг "улам бүр ч зожигороход" хүргэсэн биз ээ. 

Заримдаа амаа үдүүлчихсэн юм шиг дуугүй байх "ёстой" үе байдаг л биз дээ? Хэлмээр байв ч, хэлж үл чадах, хашгармаар байв ч сэмхэн гэтэх "ёстой" тийм үе надад бол олонтаа. Харин ч би их тэвчээртэй хүн юм шиг. Эсвэл энэ бүхэн намайг тэвчээрт сургаж байгаа байх. Миний амьдралд алдаа их. Оноо ч байгаа, гэхдээ алдсан алдааны минь тоог даанч гүйцэхгүй. Гаргасан алдаа бүрийнхээ ард би "өөрөө" л зогсож байдаг. Тэгэхээр инээсэн инээмсэглэлийн минь ард би л, уйлсан нулимс бүрийн минь тусгалд "би" өөрөө л байдаг юм билээ. 

Одоогоос яг жилийн өмнө миний амьдралын шинэ хуудас эхэлсэн. Би орж үзээгүй газраа хөл тавьсан, би уулзаж, бүр царайг нь ч хараагүй хүнтэйгээ нүүр тулж үзсэн, би өөрөөсөө хамаагүй ахмад хүмүүстэй хамт хөдөлмөр эрхлэх ямар байдгийг үзлээ, би сонсох ёсгүй зүйлээ сонсож үзлээ, би харах ёсгүй зүйлээ ч харж үзлээ, бас хийж үзээгүй зүйлээ ч хийж үзлээ, би орж үзээгүй газраа орж ирээд анх удаагаа амьдралдаа өмнө нь гаргасан алдаагаа "аз, зол" байсанд бурханд талархалаа....  ИНГЭЭД БОДОХООР БИ ИРНЭ ГЭЖ БОДООГҮЙ ГАЗРАА ИРЖ ҮЗЛЭЭ.

Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хугацаанд миний инээсэн мөчүүд уйлсан өдрүүдийг минь даанч гүйцэхгүй. Би бичихээсээ илүү боддог болсон. Ямар ч үр ашиггүй зүгээр л "боддог" болсон. Учир нь надад бичээд суух цаг зав гарахаа байсан. Яг одооных шигээ өдрийн 12 цаг хэлэн дээрээ юу ч тавилгүй ширээний ард сууж чаддаг боллоо. Шударга бус зүйл гэж ер нь юу юм? "Шударга бус" гэдэг тэмдэг нэр хэрхэн "үйл үг" болон хувирч болдогийг үзлээ. Миний өмнө нь төсөөлж байсан сайн, сайхан бүхэн зүгээр л нэг "хүүхдийн гэнэн хонгор төсөөлөл" байсныг ухаарлаа. Миний өмнө нь "өөрийнхөө чадлаар, өөрийнхөө гараар, өөрийнхөө үзэл бодлоор" хийж, бүтээж чадна гэж бодож, тэмүүлж байсан зүйл минь шалаар нэг таран унахыг харлаа. Амьдралдаа хамгийн ихээр, томоос томоор зорьж, тэмүүлж, хүсч, зориглож байсан зүйл гэхээсээ илүү "үйлдэл"-ээсээ би алхамаар ухарч, бууж өгч байна. 

Би хүмүүс гэж хэн бэ биш "байдаг" вэ гэдгийг мэдэж авлаа. Хэн нэгэн гэдэг нэрнээсээ илүү нэрний ар дах болон урдах тэр хүнийг илүү тодорхойлж болдогийг ойлголоо. Зарим нэг хүмүүс амьдралд ямар "новшийн" ханддаг, хүнд бас яаж новшийн, өөдгүй зан гаргаж болдгийг үзлээ. Харамсмаар... Хүн өнгөрсөнөө мартах хэрэгтэй гэдэг ч, өнгөрсөн амьдрал нь одоо бас ирээдүйд ер нь бүх л хэсэгт нь ямар онц чухал байдаг юм бэ гэдгийг ухаарлаа. 

Сэтгэл минь давчдаад байна. Сэм сэмхэн өнгөрсөнөө би үгүйлж байна. Салхины намуухан аяс санааг минь алдуулан сэтгэлийг минь бүдгэхэнээр сэвтүүлж байна... 

Хүн хэрэгтэй гэж бодож явсан зүйлээ өөрийн биеэр үзэж амтлахаар үнэхээр "хэрэггүй" зүйл байдгийг мэдэх нь үнэхээр дур гутмаар бас урам хугармаар юм. Амьдрал миний төсөөлж байснаас ШАААААЛ ӨӨР гэдгийг яс махандаа тултал ойлголоо. 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан