Заримдаа зүгээр л

Заримдаа зүгээр л, зүгээр л өөрөө өөртэйгөө чин сэтгэлээсээ хамаг зүйлээ дэлгэн, юунаас ч санаа зоволгүй ярилцахыг би хүсдэг. Учир нь өөртэйгөө ярихаар өөр минь намайг анхааралтай сонсож, сэтгэлийг минь бүрэн бүтэн ойлгодог юм шиг санагддаг юм.

Заримдаа зүгээр л нүдний минь аяган дотор хуралдан байгаа бороон мэт дуслуудыг унагамаар санагддаг. Учир нь бариад байхлээр дараа нь хүчтэй аянга цахилгаантай аадар орох юм шиг санагддаг юм.

Заримдаа зүгээр л амьдрал гэдэг нэр бүхий хүн өмнө нь минь зогсож байвал өөдөөс нь харж зогсож байгаад чангаас чанга "БАЯРЛАЛАА" гэж хэлмээр санагддаг.

Заримдаа зүгээр л хэн нэгэнд би алив бүхнийг бодож, саналгүй итгэхийг хүсдэг. Зүгээр л тэр хүнийг тэр хүн болохоор нь л сэтгэл дотроо хүндэтгэж, итгэл гэдэг гэрэлт чулууг гарт нь атгуулмаар санагддаг.

Заримдаа зүгээр л итгэлээ өгсөн хүнээ намайг чин сэтгэлээсээ ойлгодог байгаасай гэж хүсдэг. Учир нь итгэлийн гэрэл атгуулсан хүнээ би амьдралынхаа аян замд цуг аваад явмаар санагддаг юм.

Заримдаа зүгээр л хэнтэй ч хамт баймааргүй санагддаг. Учир нь тэр "хэн" гэдэг хүмүүс заримдаа "хэн ч биш" байх нь олонтаа юм. Тэгэхээр надад надаас минь өөр хэн ч үгүй байдаг юм шиг санагддаг.

Заримдаа зүгээр л  орж байгаа шиврээ бороон дуслыг алгаараа тосоод шалба норсон ч хамаагүй норж зогсохыг хүсдэг. Учир нь бороонд тэгээд зогсоод бүхий л өнгөрснөө бодчихоод өнгөрөхөөр маргааш нь бүх зүйлийг цоо шинээр эхлэх урам зориг, эрч хүчийг надад өгдөг юм шиг санагддаг.

Заримдаа зүгээр л гудамжинд таарсан сайхан сэтгэл нь илт харагдан байгаа гэм гүй хүмүүст туслахыг хүсдэг. Учир нь хүнд тусална аа гэдэг намайг өөрөө өөртөө гоё эд зүйл авч өгөн баярлуулахаас ч илүү аз жаргалтай болгодог юм шиг санагддаг.

Заримдаа зүгээр л хэний ч байхгүй тийм нэг байгаль эхийн нөмөртэй газар ганцаар завилан суугаад шувууд юу гэж хоорондоо жиргэж байгааг, уул тал хоёр хэрхэн харилцан ойлголцон хоршин оршиж буйг ажиглах, мал сүрэг яаж бэлчиж, хоорондоо ойлголцож байгааг харж суумаар санагддаг юм. Учир нь байгаль эх бол өөр нэг хэн нэгэн болохоор хамт байхад ганцаардахгүй юм шиг санагддаг юм.

Заримдаа зүгээр л чадахгүй ч гэсэн хамгийн дуртай дууныхаа цуглуулгаа тавиад эрх дураараа бүжмээр санагддаг. Учир нь би бусадтай хамт байхаараа, тэдний байдаг орчинд байхаараа зуун хувь би эрх дураараа байж чадахгүй байгаа юм шиг санагддаг.

Заримдаа зүгээр л би ингээд бичмээр санагддаг юм аа. Учир нь бичиж байгаа болохоор би оршиж байгаагаа бүхий л зүрх сэтгэлээрээ мэдэрдэг болохоор...

"Заримдаа зүгээр л..."

Comments

  1. Goy bichh yumaa bugdiig ni unshij chinii dotood ertontsiig tanin mednee

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан