"Маргадын өнгөтэй од"

Дэргэдүүр чинь өнгөрөх гэж
Зүсээ би хувилгасан юм
Чамтай таарвал инээмсэглэх гэж
Нулимсаа би ширгээсэн юм
Чихэнд чинь чимэг дуулгах гэж
Намтараа дахин би бичсэн юм
Хажуудах сарнайгаас чинь дутахгүй гэж
Хацар энгэсэгээ би гоёсон юм
Чамтай ойрхон явах гэж
Чөдөрлөж хоёр хөлөө би орхисон юм
Чамаас өөрийг харахгүй гэж
Чихээ таглаж, нүдээ би дарсан юм
Үдэш бүр цээжинд чинь орших гэж
Үүрээр босч залбирдаг болсон юм
Үүрээр харин бодолд чинь өртөх гэж
Үдшээр сартай би ярьдаг болсон юм
Дууссан ч үүрд дурсаг гэж
Дурсамжиндаа би амьдардаг болсон юм
Дутсан ч бүү илүүдэг гэж
Дэргэдэхээ би үл тоож ирсэн юм
Нулимсаа чиний үр болгохгүй гэж
Нуугдаж дандаа уйлдаг болсон юм
Намайг санахдаа битгий гуниг гэж
Нарнаас хүртэл би зовлонгоо нуусан юм

Магадгүй, тэнгэрт ширтэх од чинь болох гэж
Мөнх бусыг үзэхээс би айгаагүй юм
Магадгүй, алсаас чамайг үүрд ширтэх гэж
Маргадын өнгөтэй од болох учиртай юм би...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан