Энэ зүүднээсээ би сэрмээргүй байна...

Зүүд уг нь их сайхан л даа. Гэхдээ би амьдралдаа үүнээс илүү сайхан зүүд үзээгүй юм байна. Бас хэзээ ч сэрмээргүй байна. Нэг л сэрвэлзээд нүдээ нээчих юм бол энэ гайхамшгийн оронд ахиж хэзээ ч хөл тавихгүй юм шиг, ахиж хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг мэдрэхгүй юм шиг санагдана. Амьдрал дэндүү харамч шүү дээ. Нэг их өглөгч болж бидэнд нэг их гоё зүйлсийг өгөөд байгаа хэрнээ амсуулах төдий буцаагаад л авчихдаг. Аваад үлдэх эсэх нь биднээс хамааралтай хэдий ч хүн, бүх л хүн алддаг. Бүх л хүн дэндүү сэтгэл нь хөөрч, дэндүү аз жаргалтай байснаас жаргалын удааныг даалгүй зовлонгийн үүдрүү алхалж байдаг.
Би энэ зүүднээсээ ер сэрмээргүй байна. Энэ зүүдэндээ амьд явж, эгэл амьдралын жамыг энэ л зүүдэндээ хамт байгаа хүмүүстэйгээ туулахсан.

Хэрэв би сэрчихвэл, хэн ч биш бас юу ч биш болно.

Би огт сэрэхийг хүсэхгүй байна. Гэтэл намайг сэрээнэ гэсэн чимээгүйхэн дуу хоолойнууд, чихэнд шивнэх муу ёрын үгс, санаанд бүрзийх муу санаанууд...

Намайг сэрээж, энэ зүүдэнд минь удаан гэгч нь алхуулахыг хүсэхгүй чөтгөрийн гэмээр хүчин зүйлс бие, сэтгэл рүү минь довтлон дайрч байгаа ч би сэрэхгүйн тулд тэмцмээр байна. Надад гэхдээ хүч алга. Би тэр их хүчийг хаанаас, яаж олох вэ? 

Намайг зүгээр л энэ бодит юм шиг хийсвэр зүүдэнд минь мөнх үлдээгээч... 

Би зүүдэндээ ч хүртэл "Энэ бүхэн зүүд байна даа, хэзээ нэг сэрж, сэтгэл зүрх минь урам хугарч, амьдрал руу би нүүрээ бууруулах бол?" гэж бодно. Ингэж боддогоос болоод надад айдас хүүдэс дүүрэн байна. Яг л нэг л эвгүй гишгэвэл би зогсож байсан олсон дээрээсээ уначих юм шиг. Тиймээс ч хамаг биеэ барьж, сэтгэл зүрхээ өөр тийш нь саатаруулахгүйн тулд хорьж байна. Гэтэл яагаад? Тэртээ тэргүй хорвоо хүний нулимсанд цадахгүй, харин яагаад хүн инээмсэглэх үедээ зүгээр л инээж байж болохгүй юм бэ? Яагаад жаргалын жаахан ч гэсэн хэлтэрхийг атгасан бол түүнийг ч гэсэн тавьж явуулах ёстой гэж? 

Яагаад хэзээ ч мэдэрч байгаагүй, бүр аз жаргалаас ч илүү гэмээр тийм мэдрэмжийг мэдэрчихээд тэрийг зүгээр л "зүүд" гэдэг хашилтанд хийх ёстой гэж?

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes