"Би төрөхдөө..."

Би төрөхдөө...
Бие минь нүцгэн
Бодол минь хоосон
Бор зүрх минь жижигхэн байсан

Гэвч одоо би!
Ганган хувцас өмсөж
Тэнгэрт тулсныг мөрөөдөж
Тал зүрхээ ч даахгүй зантай болсон....
Бусдын худал үнэнээр хувцаслаж
Буруу номтны үйлийг гайхаж
Бороотой зуныг дүн өвлөөр сольж
Бэтгэрч гансардаг гөлөг шиг болсон....

Намайг төрөхөд
Надад хайраас өөр юу ч байгаагүй
Надаас бусад нь
Намайг харж баясгалангуй инээмсэглэж
Намайг төрөхөд
Намайг тойрсон хүмүүсийн мэлмийн
Нулимс нь баярынх байсан....

Харин одоо надад
Хайраас бусад нь байна
Хагацал, шаналал
Харуусал, зэвүүцэл...
Ингээд бодохоор баяжсан ч юм шиг
Эргүүлээд харахаар үгүйрсэн ч юм шиг...

Төрөхөд минь оршиж байсан
Тэр баяр баясал алга
Төрөхөд минь урсаж байсан
Тэр баярын нулимс алга...
Тэгээд бодохоор надад юу ч алга
Тэвчээрээс өөр надад юу ч алга....


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан