"Өөрөө би чинь Өтөлнө шүү дээ..."

Өтлөх... Хэлэх бүү хэл сонсох хүртэл аймар үг шүү. Хэдий өтөлнө гэдэг аймар хэрэг, хүмүүн төрөлхтөн бидний хамгийн их “хүсдэггүй” зүйл ч гэлээ, үүнтэй нүүр тулахаас яаж ч зайлж болохгүй нэг тийм “АРГАГҮЙ БАЙДАЛ” юм... Хорвоо дэлхий дээрх хүмүүс өтлөхийн тухай асуултанд хоёр өөр янзын хариултыг бодож явдаг. Нэгдүгээрт, “Өтөлнө гэдэг бидний байгалийн жам ёс, бид эвлэрэхээс өөр арга байхгүй. Ингээд л явж байгаад л цаг нь ирэхээр өтөлнө л биз. Болох юм болдгоороо л, ирэх цаг ирдгээрээ л...” гэж бодож явдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байхад “Юуны чинь өтлөх, өтлөх байтугай, ширхэг цагаан үс харахаараа бушуухан үсний салон давхиж ороод “хими”-ийн будгаар будуулж, харлуулаад тэрүүхэн тэр үедээ өөрийгөө “өтлөлөөс” хөнгөхөн гэгч нь ангижруулчихдаг” хүмүүс бас байна аа. Энэ хүмүүс өтлөхийн хувьд өтлөх ч, түүнтэй эвлэрдэггүй, үгүй ээ, зүгээр л эвлэрхийг хүсдэггүй тийм хүмүүс. Үүрд ганган залуугаараа, эрч хүчтэй цоглог явах боломжгүй гэдгийг “мэддэг” ч гэсэн түүнтэй санал тийм ч амархан нийлдэггүй.

Энэ өдрийн нийтлэлийг яагаад бичих болов, яагаад заавал хөгшрөлтийн тухай энэ залуу наснаасаа бодож, авч хэлэлцэх болов хэмээн уншигч та гайхаж байж магадгүй юм. Өнөөдрийн сэдвийн зорилго маань уншигч та хэнбугай ч байсан, хүүхэд, залуучууд, нас дээр гарч яваа, эсхүл гарсан хүн гээд хэн ч байж болно. Харин тэдгээр хүмүүсийн бодлын үзүүрийг нь нэг зүйлтэй зангидахыг оролдлоо. Өдөр цайныхаа цагаар ажлынхаа хүнтэй хамт хоолонд орчихоод, гадаа айхтар халуун байсан тул сүүдэр бараадан сандал дээр жаал сууж байтал “Дашчойлон” хийдээс ганган ягаан дээл өмссөн, хоёр гартаа нэлээн хэдэн өнгийн эрх зүүсэн нүдэнд дулаахан, залуудаа гангарч байсан үзэсгэлэн гоо нь царайнаас нь тодрон байн өөдөөс алхлан ирнэ. Бид хоёр сүүдэрт туссан ганц сандал дээр суучихсан байсан тул эмээ бас сүүдэр бараадан ирж яваа харагдана. Бушуухан босоод сүүдэр талд нь суудал тавьж өгчихөөд эмээтэй хэд гурван үг солилцох нь тэр ээ. Эмээ хэлж байна, “Шинийн 29-ний ном хурж байна, лам нар цайндаа орчихлоо, дуусаад ахиад хурна” гээд бид хоёрыг орохгүй яасан юм гэж ихэд сонирхон хэлж байна.

Уг нутаг нь Завхан, хотод ирээд суурьшиад хоёроод жил болж байна гэнэ. Суурьших ч гэж дээ, тэр холын эмээ Улаанбаатар хотод ийн удаан байх ганц л шалтгаантай. Хүүхдүүдээ л бараадан байгаа нь тэр. Эмээгийн нутгаа хөндөн ярих, нутагруугаа очихыг ихэд хүсч байгаа ч, чадахгүй байгаа түүний нууцхан харуусал түүний ярианы өнгөнөөс илт мэдрэгдэж байв. Нутаг усруугаа байнга ирж очдог байсан боловч сүүлийн жилүүдээс замын унааны аян даахаа больж, хэдэн хүүхдүүд нь ч тийшээ явах зав чөлөө нь хомсдож, эмээ хэдэн хананы хооронд үлдэж хоцорсон байх нь... Юутай харамсалтай бас юутай том тушаа вэ? Ийм хүмүүс нэлээдгүй олон байдаг гэдэгт эргэлзэх юм надад алга. Төрсөн нутаг, дассан газраас илүү хүний сэтгэлд гүнээс гүн үлдэж хоцордог юм ер нь байхгүй ээ. Өтлөөд ирэхийн цагт юун хайртай хүн, юун мөнгө төгрөг, юун унаа машин, байр сав... Энэ бүгд зүгээр л “юу ч биш” болж хувирна. Зүгээр л сайхан нутагтаа л очиж хэвтэхсэн л гэж бодох байх. Хэдэн хүүхдийн ая тав, зав чөлөөнд тушигдаж, өндөр барилга, чанга дуу шуугиан, тоос шороо, эмх замбараагүй амар амгалангүй байдалд гацна гэдэг үнэндээ миний лав хөгшрөөд хүсэх зүйл огтоосоо ч биш. Уншигч таныг ч бас үүнтэй санал нийлнэ гэж бодож байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр, та ч гэсэн хүн, таны өтөлж яваа аав ээж, эмээ өвөө ч гэсэн хүн. Дуртай зүйлээ хийж, амьдралынхаа сүүлийн мөч хүртлээ хүссэн хүслээ дагагч, мөрөөдлөө биелүүлсээр байх эрхтэй хүмүүс. Та өнөөдөр залуухан сайхан, ажилтай төрөлтэй, гэр бүлтэй, амьдралтай. Гэхдээ хөгшин болсон хүмүүсээ хайрлаж, тэдний хараахан “дуусаагүй” байгаа амьдралын адал явдал, амар амгаланг хангах ч бас таны хийх ёстой зүйлсийн нэг. Хорвоод төрнө гэдэг мянга мянган дайны талбараас арай хийн зол жаргалаар хүмүүн төрөлхтөний заяаг ялан дийлж, олох явдал. Гэтэл ийм сайхан үр, заяаг гагцхүү дэргэд тань үсээ бууралтуулж, хажууд тань өтөлж яваа тэр л хөгшин гээд байгаа хүмүүс танд өгсөн билээ. Тэдний хүсэл эрмэлзэл, хиймээр байгаа зүйлс, очмоор байгаа газрыг бүү умартаач. Дэргэд тань амьд бурхан, алтан хүмүүс байдаг, тэд юу юунаас илүү чухал гэдгийг битгий мартаасай. Заавал үнэтэй цэнэтэй зүйлээр тэднийг хүрээлүүлэх алба үгүй. Аливаа хайр энхрийлэл, халамж энгийн л зүйлээс л эхэлдэг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд та зүгээр л өөрийгөө тэд нарын оронд тавиад нөхцөл байдлыг нэг хараад үзээрэй. “Өөрөө би Өтөлнө шүү дээ” гээд нэг хэлээд үзээрэй. Ий... Би л лав чадахгүй. Намайг өтлөөд суухад ийм сэтгэлийн тушаа надад бүү байгаасай. Хөлгүй, гаргүй байсан ч би нутаг усруугаа тэмүүлсэн бол хүсэл минь намайг юугаар ч хязгаарлуулахгүй. Төсөөлөхөөр надад үнэхээр бэрх, ёстой жинхэнэ тэр л аймар санагдаж байна... Тиймээс, халамжилна гэдэг хайрлахаас илүү чухал юм шүү...

Дэргэд байгаа хэдэн эрдэнээ
Дээд тэнгэрт мордохоос нь өмнө

Амжиж халамжилцгаая...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes