"Хайр ба харуусал..."

"Хөөрхөн юмаа. Тэр чамтай их адилхан юм. Бас их том болжээ."

- Энэ гурван өгүүлбэр л бидний гэх өнгөрсөн тэр цаг хугацааг, надад байсан чиний зүрх сэтгэлийг бас чамд байсан миний зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн дүгнээд хэлчих шиг. Дурлал ийм азгүй байдаг гэж надад хэн ч хэлээгүй ээ. Бас ийм харуусалтай, харамсалтай байдгийг би хэзээ ч мэдрээгүй ээ. Магадгүй энэ надаас чамд бичиж байгаа энэ хорвоо дээрх хамгийн сүүлчийн минь "далд захидал" байх. Бидний өнгөрсөн энэ дэвтрийг сүүлчийн хуудсыг нь дүүргэж орхиод, лацдаад яг одоо, яг энд үлдээмээр байна. 

Чи бид хоёр зөвхөн ганцхан л удаа уучлал бие биедээ үзүүлсэнсэн бол, хэдхэн хором л хүлээцтэй байж чадсан бол, хэний ч үгийг сонсолгүй өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дагасансан бол, хэнийг ч хайхралгүй, өөрсдийгөө л бодсон бол...энэ дэвтэр энд ингээд дуусахгүй байлаа. 

Би бүхнийг цаг хугацаа шийддэг гэдэг үгийг үнэн голоосоо үзэн яддаг. Хүмүүс ингэж хэлээд байхаар нь, тийм л байдаг юм байх гээд БИ БҮГДИЙГ ЦАГ ХУГАЦААНД даатгаад үлдээчихсэн, хараад азнаад суусан. Гэтэл Яав? Тэр хараал идсэн цаг хугацаа чинь надаас чамайг минь авч яваад, чиний намайг ХҮЛЭЭЖ БАЙНА гэсэн газраас алсын алс холдуулаад ӨӨР ХЭН НЭГЭН-д аваачаад өгчихсөн байсан шүү дээ.
Би чамд итгэсэн, цаг хугацаанд найдаад, хүлээсэн.  
Харин би өөртөө л итгээгүй. Өөртөө л итгээгүй дээ, чамайг би алдсан. Өөрөөсөө өөр бусдад итгэх нь ийм л юм болдог хорвоо юм байна шүү дээ...

Гэхдээ чи одоо бол юунд ч харамсахгүй байгаа байх. Магадгүй намайг түүгээр сольсон чинь чиний энэ амьдралдаа хийсэн хамгийн ЗӨВ СОНГОЛТ чинь байсан биз. Харин миний хувьд:
Би хэн нэгнийх болтлоо "Бидний" дурлалдаа харамсаж явна...
Яагаад чамайг намайг жаахан л хүлээчихээгүйд
Яагаад намайг хүрээд очиход уучлаад энэрчихээгүйд
Яагаад цаг хугацаа бидний дундуур орж ирсэнд
Яагаад би чамд тэгж их итгэсэнд
Яагаад чи миний инээмсэглэлийг биш нулимсыг үзэхийг хүссэнд
Яагаад чи өөдөөс минь дулаахан энгэрээ биш хүйтэн нуруугаа харуулах болсонд
Яагаад би чамайг уучилчихаад байхад, намайг уучилж чадаагүйд
Яагаад, яагаад, яагаад.... гэх бүхний хариултыг өдий хүртэл олж чадахгүй байгаадаа

БИ ЗҮГЭЭР Л ХАРАМСАЖ, ХАРУУСЧ БАЙНА. Өөр юу ч биш. Би чамайг санадаггүй. Үгүйлдэггүй. Учир нь санана, үгүйлнэ гэдэг чинь "Хүн өөрт байгаа, өөрт харъяалагдах, өөрийн гэсэн зүйлээ л дэргэд нь байхгүй бол САНАЖ, ҮГҮЙЛЖ, БЭТГЭРДЭГ. " Чи миний зүрх сэтгэлийн гүнд үүрээ засчихаад, хэзээ ч эргэж ирэлгүй нисчихсэн. Цаашид энд чиний гэх ширхэг ч өвс бүү хэл хумхын тоос ч энүүгээр тэнүүчилэхгүй байна. Чамайг ниссэний дараа би чиний хэзээ ч нураахгүй юм шиг зассан үүрийг чинь нураачихсан. Тиймээс:

"Байхгүй болчихсон туурин дээр хаа нэг ирж эргэлдэх хэрэггүй."

  

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан