Чи хэн байсан юм бэ?

Нүдэнд дулаахан
Надаас нэлээн ах
Нүүрэмгий гэхдээ төлөв даруу
Нүдээрээ инээхээрээ хөөрхөн...
Эелдэг дөлгөөхөн
Эрч хүчтэй бас хөгжилтэй
Энэ хорвоод учирч үзээгүй
Энгийн гэхдээ тансаг хүн...
Мэдлэг оюунаа тэлсэн
Миний мэдэх ухаантан
Мөрөөдөл зорилгоо нэвт харсан
Мөдхөн түүндээ хүрчих хүчтэн
Хайр дурлалыг эзэрхийлэгч
Хамаг бүхнээ надад зориулагч
Хачин ихээр эрхлүүлж
Хаа ч байгаагүй сэтгэлээр хайрласан...
Үлдсэн амьдралын минь тулгын чулуу
Үзээгүй зовлонгийн зангилааг тайлагч
Үнэн мөнийг хамтдаа эрэлхийлэгч
Үхэж дуустал гараас минь үл тавих хань...

Энэ бол миний мэдэх ЧИ
Эртээдийн тэр цагт миний таньсан ЧИ
Эгэл жирийн амьдралын минь гэрэл гэгээ
Энэ цээжинд багтах зүрхний минь тал....

Гуч биш гуравхан жил л хангалттай байж
Гунигаар нуусан цэвдэг сэтгэлээ надад нээхэд
Гэргий биш хамтран амьдрагч л байж
Гэрт чинь охин та хоёрыг халамжлан суухдаа...

Үлдсэн залуу нас, байдаг гоо үзэсгэлэнгээ
Үнэхээр чамд л зориулах гээд
Үлдээж ирсэн юм шүү, буруу бүхнийг
Үгүйсгэж байсан юм шүү, алдаа бүрийг чинь!

Бие сэтгэлийнхээ аль ч талаараа
Бусармаг шалбааган дээр гишгээгүй
Би чамд хайртай гэж
Бардам алхалж ирсэн юм шүү...

Гуравхан жилийн настай хамтын амьдралд
Гундаж амжаагүй байсан залуу насаа
Гуч, дөч, тавь, жаран жилийн мөрөөдлийнхөө хамт
Гэрийн чинь үүдэнд орхиод ирсэээн...

Одооноосоо илүү ирээдүйд хамтдаа амьдрах л гэж
Огт тоолгүй явсан өчнөөн залуусын харцыг
Орд харшинд хамтдаа өтлөх л гэж
Орой өдрийг ялгалгүй явсан зоосны төлөө
Үүлэн чөлөөгөөр тусах нарны элч шиг
Үүрээр гараад шөнөөр ирэхэд чинь
Үнэндээ чамд эргэлзээгүй 
Үгэнд үнэн нуугдаж байсан ч огт сонсоогүй бусдыг
Өчүүхэн жаргалын төлөө
Өөрийгөө гээхдээ чи бодсон болов уу
Өдрөөр гэртээ орж ирэхдээ
Өөрийнхөө үнэрийг чи мэдсэн болов уу?

Зүрхэндээ охин та хоёрыг багтааж ядан инээмсэглэхдээ
Зүггүйтэж явааг чинь хэзээ ч таахгүй байсан
Зөндөө жаахан охинд эрхэлж явааг чинь санахгүй байсан
Зөвтгөж чамайг бусдаас л өмөөрөх байсан....

Хайргүй болсон гэдгийг чинь сонсохоос өмнө
Харц чинь надад бүхнийг хэлчихсэн
Хөөгөөд биднийг гэрээсээ явуулахад чинь
Хагацал хэдийн биднийг салгачихсан.

Нэг л мэдэхэд үгийн муухайгаар доромжилж
Нөгөө л хэрцгий аашаа гаргах болсон
Нэг л мэдэхэд үйлдлийн бузараар гутааж
Нөгөө л бүсгүйгээ тэврээд хонох болсон...
Чамаас хүртэх үг үйлдэл бүрийг чинь хайр гэж андуурахдаа
Чи намайг хүн биш болгосныг мартчихсан байсан
Чамаас ирэх хайрын харгислалыг халамж гэж эндүүрэхдээ 
Чамайг өөрөө хүн биш болсоныг мэдээгүй байсан...

Чи хэн байсан юм бэ
Чиний хослол, цол гуншинг чинь л мэдэх юм байна
Чи хэн байсан юм бэ
Чиний "нөгөө" нүүрийг чинь л таних юм байна
Чи хэн байсан юм бэ
Чиний бусдад таниулсан Б.Эрдэнэбулганыг л мэдэх юм байна
Чи ЯГ хэн байсан юм бэ
Чимээгүй тарчлаан зовоогч гэж л мэдэх юм байна!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes