"Надаас чамд..."

Бага байхын л жаахан охин бусдад ямар нэг зүйл бэлэглэхийг ихэд хүсдэг байж билээ. "Энэ хүнд л тийм бэлэг бэлдээд өгчихвөл" гээд л ямар нэг зүйл өгөх гээд дайрчихна. Тийм ч их мөнгөгүй, элбэг дэлбэг гээд байх зүйл үгүй мөртлөө миний сэтгэл энэ дэлхийн бүх хүмүүст ч хуваалцаж хүрэхээр тийм агуу их гэдгийг би гэхдээ мэднэ ээ. Хүний сэтгэл тийм л байх хэрэгтэй мэт. Сэтгэл зүрх хэзээ ч ямар нэг мөнгөн тэмдэгтээр, гялалзаж, гэрэлтсэн эд зүйлсээр хязгаарлагдаж үл болно. 
Дотно гэж боддог найзууддаа, энхрий гэж боддог дүү нартаа, элбэрэлт хэмээн хүндэлдэг ижий аавдаа сэтгэлээ гаргаж, юу ч хамаагүй, мөнгө хэрэглэсэн хэрэглээгүй сэтгэлээ л шингээсэн тийм л нэг дурсгалт зүйл бэлдэж өгдөг байсансан. 
Яагаад ч юм ижийдээ төрсөн өдрөөр нь шүлэг зохиож биччихээд нэг их сайхан санаа амарч, ижийгээ түүнийг уншаад охиныхоо хайрыг мэдэрч байгаа даа гэж бодох тусам сэтгэл улам тэнийрч, нэг л сайхан болно. 
Яагаад ч юм найздаа жижигхээн гараараа урлаж хийсэн боодол бэлэг өгчихөөд хүний сэтгэл тийм сайхан санагдаж болдгийг мэдэрсэн.
Яагаад ч юм сэтгэлд минь "энэ хүн бол миний хайрлаж, хүндэлж явдаг хүн, тийм ч учраас ямар нэг зүйлийг түүнд би бэлэглэж зүрх сэтгэлээ илэрхийлэх ёстой, тэр хүн миний хайрыг үүгээр ч болов мэдрэх ёстой" гэсэн бодол тээгдэж явдаг байлаа... 
Эргэн тойронд байгаа хүмүүстээ сэтгэлээсээ бэлэг өгнө гэдэг Хүнийг хайрлаж, хүндлэхийн нэг утга учир гэдгийг ойлгов. 
Хүнд бэлэг өгнө гэдэг ямар бэлэг, ямар мөнгөөр авсан юу гэдгээсээ биш, хэнд зориулж, яагаад бэлэг өгч байна гэдэг нь хамгаас чухал. 


Энэ нь дотны хүмүүстээ Хайраа чин сэтгэлээсээ илэрхийлэхийн 5 шинжийн нэг юм гэнэ. Үүнийг нэгэн найзаасаа олж сонсоод өөрийгөө яагаад дотно хүндээ ямар нэг сэтгэл минь шингэсэн бэлэг өгөхдөө яагаад тэгж их догдолдгийг, хөөрч, баярладгийг, миний бэлгийг аваад "түүний нүүрэнд инээмсэглэл тодрох болов уу?", "Түүнд өчүүхэн сэтгэлээ үүгээр ч болов илэрхийлэх гэсэн хичээл зүтгэл, сэтгэлийг минь ойлгох болов уу?" гээд л түмэн бодолд автдаг байсныг ойлгож мэдэв. 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан