Амьдрал чамаас Амьд явахыг шаардана

Арай ядан тэмүүлсэн оргил чинь 
Алсын зэрэглээ болж хувирахын цагт
Алдаж эндэхийн хорвоог умартан
Амьдралд чи толгой гудчихсан уу?

Харж явсан сайхан залуугаасаа
Хоёр нүүрийг олж үзэхийн цагт
Хайр хагацал хоршин байдгийг умартан
Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу?

Зовсон цагт анд чинь чамаас
Зөрж өнгөрөн, нүүр бууруулахын цагт
Заяа тавилангийн хүрд эргэдгийг умартан
Залуу насаа гунигаар дүүргэчихсэн үү?

Хааяа нэг мөрийг нь түших хүнгүй
Хоосон юм шиг сэтгэл чинь ганцаардахад
Хэнээс ч хамаарахгүй, чиний л ертөнц гэдгийг умартан
Хаалганы цаана өөрийгөө түгжчихэв үү?

Тэгвэл, хүссэндээ чи заавал хүр гэж
Тэнгэрийн дор газрын дээр шороо хөдөлгө гэнэ
Тэвчээр заагаад алив нэг өндий гэж
Туулах амьдрал чинь даллаж байна энд

Амьдралд юу ч тохиолдож болно
Аа, гэхдээ битгий шантраарай
Ахин дахин унаж боссон ч
Амьдрал чамаас амьд явахыг л шаардана аа...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан