Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь... №3 "Хорвоо ертөнцийг ондоо нүдээр харахуй"

Үнэнийг хэлэхэд надад Америкт байсан гэх тийм ч сайхан бас хангалттай баталгаа нотолгоо, эх сурвалж хэдэн фото зураг, видео бичлэгүүдээс өөр зүйл байхгүй л дээ. Хамаг үзсэн харсан, ойлгосон ухаарсан зүйлс маань яг одоо тархинд минь л эргэлдэж байна. Тиймээс ч ийнхүү цувуулан бичиж мөнхлөхийг хүссэн байх. 

Хэн бүхний амнаас Та хэзээ ч Америк орон бол Монголтой адилхан, төстэй гэж сонсохгүй л болов уу. Юмны гадна, дотор гээд бүхий л талаасаа тэр. Өөр гэдгийг илүү нарийн тайлбарлахыг тулд нэг нэгээр нь авч үзье.

1. За мэдээж, Монгол хүнээс өндөр, шар, туранхай. Гэхдээ хэт таргалалт Америкт хамгийн элбэг тархсан өвчин гэгдэх тул тарган, шар, нимгэн, эсвэл өнгөт арьстай хүмүүс хаа сайгүй. За, гаднах төрх ч яахав. Гол нь тэр хүмүүсийн сэтгэлгээ. Анх би гудамжаар "жуулчин" царайлчихаад энд тэндгүй явж байхад барагтаа л бол мөр шүргэлцэхгүй. Хүрсэн төдийд л "Sorry, Excuse me" гээд л урсгачихна. Зүгээр урдуур санаандгүй гарч өнгөрчихөөд тэрэндээ хүртэл үл хүндэтгэчихлээ хэмээн уучлал гуйна. Эхэндээ ч надад байс хийгээд л "Sorry, Excuse me" гээд байдаг нь үнэндээ л залхмаар, яршигтай санагддаг байлаа. Харин сүүлд нь би өөрөө тэдний нэг болж ирсэн юмдаг. Ямар сайндаа л Монголд буцаж ирчихээд онгоцны буудал дээр ачаагаа дааж ядан МОНГОЛ хүмүүсийн хажуугаар зөрөхдөө амандаа өөрийн мэдэлгүй "Excuse me, Excuse me" гээд л бувтнаад явсан даг.

@ Santa Monica beach on 66 End of the Trail 
2. Нүүрний хувирал. Өөдөөс нь би онигоо яриад зогсоод байгаа юм шиг л нэг их дотно хүн аятай инээгээд л, мишээгээд л байна. Күэ нээрээ, жаргалтай хүмүүс шүү. Жаргалтай даа ч биш юм аа. Ямартай ч хаа явсан газраа хөмсөг зангидаад явдаг Монголын минь хүмүүсээс бол тэс өөр өө. Танихгүй ч гэсэн хүмүүстэй инээмсэглэж харагдах нь тэдний хувьд орчин тойрныхоо хүмүүсийг хүндэтгэж буйн илрэл юм. Гайхалтай юм шүү. Ер нь нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ хүмүүс нь өөрсдийгөө биш бусад хүмүүсийг хамгийн түрүүнд хүндлэхийг эрмэлзэнэ. Нийгэм нь тэднийг ийнхүү сургажээ.

3. Нийгмийн эмзэг бүлэг. Тэд хэзээ ч эмзэг гэдгээрээ нийгмээс гадуурхагддаггүй. Нийгэм нь тэднийг тэгж их хайрлаж, хүндэлж, боломж бололцоог нь олгосон байдаг. Үүнд жирийн, эрүүл саруул хүмүүсийнх нь ажил хийгээд төлсөн татварын мөнгө нь хүртэл хувь нэмэр оруулдаг. Үүнд нэг зүйлийг дурьдахгүй өнгөрөөж болохгүй нь. Нийтийн тээврийн хэрэгсэл. Би хувьдаа машин унадагүй байсан. Надад тэгэх хэрэгцээ ч байгаагүй. Харин ч нийтийн тээвэрт нь суух хамгаас их дуртай. Дотор нь суугаад явахаар яг кинон дээр гардаг шиг романтик санагдаад, ганцаараа инээгээд явахаар их гоё байдагсан. Жинхэнэ нийтийн унаа гэсэн утгаа шингээсэн. Буудал дээр тэргэнцэртэй хүн автобус хүлээгээд зогсож байвал /кондуктор гэж байдаггүй/ жолооч нь сууж яваа хүмүүстээ анхааруулга өгч, нэг товчлуур дээр дарснаар автобусных нь шат гадагшаагаа тэлээд тэргэнцэртэй хүн өөрөө яваад орохоор боломжтой болж ирдэг. Автобусанд орж ирээд 3, 4 хүний суух зайтай сандлууд нь эвхэгдээд тэргэнцэр байрлаж явахаар зохицуулагддаг. Үнэхээр юм гэдэг нь хөгжсөн байгаа биз? Энэ үед дотор нь сууж яваа баян, ядуу хэнбугай нь ч байсан нэг ч ярвалзаж, муухай харж, олон юм ярьдаггүй. Күэ мөн агуу их сайхан сэтгэл, нийгмийн боловсон хөгжил юм аа? Монголтой харьцуулаад ч яахав дээ, хөөрхий хөршүүдийнхээ хугацаа нь хэтэрсэн салж унах гэж байгаа хэдэн автобусуудыг нь хямд үнээр аваад монголчилоод мал ачиж яваа юм шиг хүмүүс чихээд явахдаа хоёр тийшээ савлаад, урдуур хойгуур, наагуур цаагуур улаан алчуур мөргөх гэж байгаа бух шиг л явдаг Монголынхтой ч яаж адилтгах бил ээ. 

4. Дэлгүүр хэсэх. Монголын талаас бодохоор намайг хамгийн ихээр нервтүүлдэг зүйл. Америкт бол тэр "Хэрэглэгч бол хаан" гэдэг олон улсын уриа утгаараа л хэрэгжих юм. Гэтэл Монголд бол мэдээж юм худалдан авах хэрэгцээ гарна, тэгээд дэлгүүр хэсэх хэрэг гарна. Хэрэг хийчихсэн юм шиг аль болох дэлгүүрийн худалдагч нарын муухай харц, балиар аашнаас нь бултах хэрэг гарна. Барааны үнийг мэдэхийн тулд зүгээр л хамгийн өндөр дуугаараа, хэдэн хананы цаанаас ч хэнбугай ч сонсохоор хашгарах, үнийг нь хэлэхийг шаардах хэрэг гарна. Яахавдээ гэрээсээ гарахдаа шүүрээд л өмсчихсөн хувцасаа тэдэнд "гайхуулах" хэрэг гарна. Биенд минь таарахгүй гэдгийг үзээд, хараад, сонжоод мэдчихээд байхад л "наа чинь угаасаа өмсгөл жижигтэй, томтой, би бараагаа мэджийнэ наадах чинь болно" гээд чичрээд дайрчихна. Тэгвэл би ч гэсэн биеээ мэджийнэ шүү! Ядардаг л байх л даа, хөөрхийс өдөржингөө лангуу ширтээд л суух, мэдээж ингэж л суух гэж тэд сургууль соёл төгсөж, өдийг хүрээгүй байх... Хамгийн гол асуудал нь дэлгүүрийнх нь менежмент, менежерт л бас хэрэглэгч бол та хаан гэсэн лоозон манайд хөгжөөгүй, буурай хэвээр л байгаагийн шинж л дээ. Тийм ч учраас худалдагч нарт элдэвээр хэлүүлж, хараалгахгүйн тулд сүүлийн үед интернет худалдаа Монголд ихээр түгэх болж, хүмүүс бараагаа зургийг нь харж байгаа д л, эсвэл хоорондоо солилцох маягаар авах болж.



5. Нийтийн унаа. Саяхан ТВ - ээр Нийслэлийн нийтийн тээврүүдийг "ухаалаг систем" - д шилжүүлнэ гэдгийг сонсоод ашгүй дээ гэж бодохын сацуу хар бараан бодлууд урсаад л ороод ирсэн. Америкт би нийтийн автобусаар явах нь надад хамгийн жаргалтай, амар, тухтай байдаг байсан. Надад машин байгаагүй, гэрийнхэнийгээ хүртэл Америкийг үзье гээд ирэхэд нь сайхан автобусны билет захиалаа л, автобусаар л зугаалуулчихсан. Хямд бас амар. Ааштай кондуктар гэж байхгүй, жолооч нь гэж зүгээр л зорчигчидоо хүндлэхийн дээдээр хүндэлнэ. Сайхан ааштай гэж жигтэйхэн. Ямар ч хүлээцтэй юм. Цаг цагтаа л ирнэ. Хүлээлгэнэ гэж байхгүй. Тэргэнцэртэй хүн хүртэл энгийн хүн шиг нийгэмд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Тэр тээврийн хэрэгслийн тоноглогдсон, хөгжсөн, дэвшсэн байдал гэж жигтэйхэн. Монголд хэцүү л дээ, дор хаяж нөгөө хулхи гарууд чинь картаа уншуулахгүй хулхидахыг л завдана.... 

On the way to San Francisco from Los Angeles :)

...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан