"Миний чимээгүй мөрөөдлүүд нэг ширхэг сникерсээс эхлэлтэй..."

Хонх жингэнэж, хичээл завсарлана. Кармандаа гараа хийнэ, хоёр зуун тавин төгрөг. Энэ бол ховор тохиолдол. Ганц ширхэг пирошки, хужаагийн ягаан, ногоон, шар өнгийн ширүүн салфеткан дээр... Хэчнээн амттай гээч, идэж аваад л дараагийн хичээлдээ гүйгээд л орно.
"Эгчээ нэг пирошки! гээд л хүрэхгүй ч гэсэн шахцалдаан дунд гараа сунган, ганц пирошки идчих юм сан гэсэн чин хүсэл...

"Эгчээ нэг сникерс!" Кармандаа долоо хоногийн хэдхэн өдөрт нь хоёр зуун тавин төгрөгтэй явдаг надад амьдралдаа энэ таван зуун төгрөгийн сникерсийг завсарлагаанаар авч идэх боломж олдох болов уу гэж гайхан бодолхийлдэг байсансан... Хажуугаар аваад идэж байгаа хүүхдүүдийг хараад дотроо сэм атаархдаг байсан ч сникерс хэзээд миний нэг их дуртай шоколад байгаагүй. Гэхдээ хэзээ ч авч идэж чадахгүй байх гэсэн амттангаа би хангалттай олон удаа авч идсээн. Энэ бол миний чимээгүй мөрөөдлийн биелэл. 


Тэр үеэс л би мөрөөдөж эхэлсэн гэлтэй. Таван зуугийн шоколад өнөөдөр мянган төгрөг. Харин энэ хугацаанд миний хэдэн ч чимээгүй мөрөөдөл биеллээ олж.


Мөрөөдлөө биелүүлэх миний чин хүсэл, зорилгын түлхүүр нь: "Би заавал бусад шиг байх алба үгүй. Бусад шиг идэж ууж, эдлэх алба надад байхгүй шүү" гэсэн бодол байлаа. Ийм атаархал надад байгаагүйд баярладаг. Учир нь миний хамгийн гол зорилго хичээлдээ л онц сурах. Ингэснээрээ ч мөрөөдлийнхөө гүүрэн дээр алхана гэдэгтээ итгэлтэй байсан юм шиг.

Хичээлдээ мэрийхийн зэрэгцээ ТВ-ээр "Америкийн өнгө" - ийг үзээд яг тэр гарч байгаа гудмаар нь өөрийгөө алхаж байна гэж мөрөөдөж байсан. Мөрөөдөл минь биеллээ олсон. Мөрөөдөх нь сайхан л даа. Гэхдээ чимээгүй мөрөөдөх нь хамгийн чухал байдаг мэт.



Анх хөзөр тоглохыг сурчихаад манай гэрт нэг цээж зурагны дайтай онцгой хөзөр байдаг байсан. Тэрүүгээр барагтаа л бол тоглохгүй, муухай болчихно гээд хайрлаад. Гэтэл тэр хөзөрний арын зураг нь АНУ-ын Сан-Франциско хотын Алтан гүүрний зурагтай шар өнгийн хүрээтэй байдаг байсан. Тэр хөзрөөр тоглохгүй мөртлөө гартаа барих бүртээ "Би хэзээ нэгэн цагт энэ гүүрэн дээр очиж зургаа авахуулна" гэж чимээгүй мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь биелсэн.

  
 Магистрын зэрэг надад үнэхээр хол сонсогдож байсөөн. Юун магистрын зэрэг хамгаалах. Бакалавртайгаа л насыг барж байвал барав санагдаж байсан. Яаж хамгаална аа, яаж магистраар сурна аа гэж тархи юугаан гашилгаж, нойр ч хүрэхгүй, хэдэн өдөр шаналж суусан. Хүн давахгүй гэсэн даваагаа давдагийн нэг жишээ бас л миний айж байсан ч чимээгүй мөрөөдөж суусан мэргэжил дээшлүүлэх магистрын зэрэг. Мөрөөдөл минь биелсээн. Чимээгүй мөрөөдсөн болохоор биелсэн байх...

Мөн өнөөдөр миний хийж байгаа ажил алба минь. Би бараг ухаан орсон цагаасаа л үүнийг мөрөөдөж байсан гэмээр. Стресс, ачаалал, хэл ам, хэрүүл тэмцэл муу гэсэн бүхэн намайг тойрсон байгаа ч "мөрөөдлийнхөө тойрогт чи ороод ирсэн шүү, битгий сарниарай" гэж өөртөө би байнга шивнэнэ. Хоёр зуун тавин төгрөгтэй надад таван зуугийн сникерс идэх боломж амьдралд минь зөндөө олдсон шүү дээ. Олдохгүй ч байж болох байсан гэж бодохоор... Би хичээх хэрэгтэй. Үнэн мөнөөр зөв явбал миний чимээгүй мөрөөдөж байсан, байгаа, мөрөөдөх бүгд биеллээ олох л болно. 

"Яагаад гэвэл би чимээгүй мөрөөдсөн болохоор тэр..."


Comments

  1. блог гэж ертөнц үнэхээр сайхан шүү блогоо бичээд л байгаарай би уншаад л байя хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, үнэн үнэн.. Блог хөтөлж, бичвэр бичнэ гэдэг үнэхээр сайхан сэтгэлийн орон зай.. Баярлалаа. Би бас уншиж байна аа.

      Delete
  2. Харин тэхх блог бичдэг хүмүүс бичээд эхэлсэн болохоороо бичмээр санагдаад л... бичихгүй байхаар бас болохгүй... хэхэ . Блог бичиж байгаад дундаас нь хаясан хүмүүсүүдийг гайхаад байдын шд яах гэж блог нээчихээд хаядаг байна аа гэж

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан