Тэр л мэдрэмж...

Тэр л мэдрэмжийг
Тэр л нэгэн хүнээс мэдрэхсэн
Тэсэлгүй гүйж очоод
Тэвэрч аваад үнсэхсэн...

Тал хөндийг ч туулаад хамаагүй
Түүний зүг тэмүүлэхсэн
Та бүгд юу ч гэсэн хамаагүй
Туйлын хүсэлдээ түүнийгээ тээхсэн...

Тэгэхсэн дээ тэгэхсэн
Тэгвэл би тэнгэрт нисэх юм
Тийм л их хүсч байгаа ч
Тээглэсэн зүйлүүд олон байх юм...

Чимээгүй намайг санаж суугааг чинь
Чихнээ сонсоогүй ч мэдэрч байна би
Чи дэргэд минь үгүй байлаа ч
Чанх зүрхэндээ цохилтыг чинь мэдэрч байна би
Чи мэдэхгүй л дээ
Чи бидний доголон заяанд гомдож
Чимээгүй нулимстай шөнийг өнгөрөөж байгааг минь
Чи итгэхгүй л дээ
Чамаас өөрийг харах зүрх минь сохорч
Чамайг өөр бусдад харамлаж суугаад минь...

Зүрх тархины
Зааг даанч хол юм
Зүс сэтгэлийн
Зангилаа даанч ээдрээтэй юм
Заяа минь ийм юм уу гэж
Завилан хорвоод гомдоллоно
Зөвхөн л чи минь гэж
Зөрүүд сэтгэл бувтнан үгүйлнэ

Зүрхнээс гарсан үг үнэн байлтай
Зүүдний үүрийнх биелдэг байлтай
Чамд зориулсан үгсээ би нууцлая
Чамтай учирсан зүүдээ би маная...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан