Тэсэхийн аргагүй нулимс

Нэг дусал
Хоёр дусал...
Гурав дахь нь харин НУЛИМС.

Би хэзээ ч өөрийгөө энэ цэг дээр ирээд гацна гэж бодож байсангүй. Миний энэ блогны минь үг:

"Дуртай зүйлээ хийх нь ЭРХ ЧӨЛӨӨ Хийж байгаа зүйлдээ дурлах нь АЗ ЖАРГАЛ"
Гэтэл би дургүй зүйлээ яг одоо хийж байна, ТЭГЭХЭЭР БИ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ, бас хийж байгаа зүйлдээ дурлах нь бүү хэл, ой минь гутаж байна, ТЭГЭХЭЭР БИ АЗ ЖАРГАЛГҮЙ байна. 

Яагаад? 

Яагаад, би өнөөдөр ӨӨРИЙНХӨӨ хүссэн зүйлийг биш ӨРӨӨЛ БУСДЫН хүссэнийг хийж суугаа юм бэ? Хүнд өөрийн гэсэн бодол, хүсэл, зорилго БАС ТЭМҮҮЛЭЛ гэж байдаг. Харин би энэ бүгдийгээ нэг нэгээр нь алдаж байгаагаа өдөр ирэх тусам бие махбод, сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. 

Өдийг хүртэл би зөвхөн өөрийнхөө хүссэнээр амьдрах гэж, ажиллаж хөдөлмөрлөх гэж өнгөрсөн бүх цаг хугацааг өөртөө зарцуулж ирсэн. Бууж өгөх үедээ бууж өгч, босч зогсох үедээ ямар ч хуй салхинд унахааргүй зогссоор ирсэн. Харин одоо, харин одоо бол намайг түлхэж унагахад сэмхэн үлээх сэвэлзэх салхи л хангалттай болчихоод байна. Хамгийн аймар нь би энэ орчноос, энэ цаг үеэс, энэ нөхцөд байдал, энэ ТОЛЬ-оос өөрийгөө хамгийн ихээр өрөвдөлтэй, сул дорой, арчаагүй, итгэлгүй, хүчгүй, инээд хөөргүй, сэтгэл догдлолгүй байгааг тодхон олж харж байна. ХАМГИЙН ӨНДӨР ХАДАН ЦОХИОН ЗАХАД ТУЛЖ ЗОГСЧИХООД "БИ ИЙМ БИШ Ш ДЭЭ?????!!!!!" ГЭЖ ХАШГАРМААР САНАГДАЖ БАЙНА.

Би ийм хүн биш шүү дээ. Би хэзээ ч ийм байгаагүй. Тэгэхээр энэ үед миний амьдралдаа хамгийн ихээр айж явдаг зүйл минь надаар тохуурхан байн, жигтэй нь аргагүй биеллээ олж байна шдээ. Тэр айдас аа би:

"Өөрийг минь надад сануулаарай"

Өөрөөрөө байхгүйд минь
Өөрийг минь надад сануулаарай
Өрөөлийн нөлөөнд автаж
Өөрийгөө л умартах тэр үед
Өөрийг минь надад нэг сануулаарай

Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд
Дахин төрсөн мэт санагдавч
Дасал болж энэ хийсвэр орчлонд
Дандаа би орших болчихвий

Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй
Хүмүүс нь хувирдаг цагт
Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ
Харин тэгвэл намайг бүү мартаарай
Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод
Хэнд ч итгэмээргүй тийм нэг үе байдаг шиг
Хаа ч явсан надад өөрийг минь нэг сануулаарай
Хэзээ ч зүс нь хувирах хүмүүс гэж байдаг шиг
Хэнтэй ч учирсан надад өөрийг минь нэг сануулаарай

Би гэдгээрээ хорвоод мэндэлсэн шиг
Бусдын далбаанд намирахыг би хүсэхгүй
Би л өөрийн амьдралаа залах ёстой шиг
Бусдын надад буруу номлолыг би тэвчихгүй

Түрхэн зуур гэрэлтсэн нарны туяан дор
Тээнэглэзэж би саатвал намайг бүү орхиорой
Тэвчээр нь үгүй миний сэтгэл хувирч одвоос
Тэр л үед араас минь намайг даллаарай

Харанхуй ойд би ганцаар алхахаас айхгүй
Худал үгэнд ганцаар тэсэхээс би айна
Хуй салхийг сөрөн зогсохоос би айхгүй
Хүний мууг үл тэвчихээс би айна

Өнөөдөр л би өөрөөрөө байя
Өөрийг минь маргааш нэг сануулчихаарай
Өчигдөр л өөрөөрөө байсан шиг ээ
Өнө мөнхөд өөрөөрөө л би дуусъя !   

гэж 3 жилийн өмнө бичиж суужээ. Хүн хүнээ алдаж "болдог" хорвоод бид амьдарч байгаа. Юу үнэн, тэр л үнэн. Хүн хүнээ алдаж болдог л байхгүй юу. Нэг нь нэгнээ орхиод явж болно. Мөнх бусыг үзүүлээд үүрд ч байхгүй болж болдог. Тэр бүхэнд үлдэж байгаа тэр хүн тэр хүмүүсийг "алддаг". Энэ бол хорвоогийн бичигдээгүй жам ёс. ХАРИН, юу хамгаас байж боломгүй, байх ч ёсгүй бас зүгээр л "болохгүй зүйл бол "ХҮН ӨӨРИЙГӨӨ" л алдаж хэзээ ч болохгүй л байхгүй юу. Энэ чинь зүгээр л энгийн ухаанаар бодож үзсэн ч гэсэн байж боломгүй хэрэг. 

Харин өөрчлөгдөж бол болно оо. Гэхдээ тэр нь өөрийгөө алдсан биш байгаа дээрээ суурилж өөдлөн дээшилсэн, өнгө нэмсэн байж болно гэж би хувьдаа бодож байна.

Гэхдээ би мод биш шүү дээ, яагаад таалагдахгүй байгаа энэ чийггүй, хуурай салхитай, нар гарахгүй, бүрхэг тэнгэрийн дор байгаад байгаагаа л сайн ойлгохгүй байна. Хүн надаас тэгээд хүсэхгүй байгаа юм бол тэгээд юу хийгээд байгаа юм бэ, яваач гэвэл би юу ч хэлж чадахгүй. НЭЭРЭЭ ЯАГААД ЮМ БОЛ ОО?

Гэхдээ энэ тэсвэр тэвчээр минь нэг л өдөр дуусна гэдгийг л би маш сайн мэдэж байна. Нэг л өдөр би энэ тамын байраасаа хөдөлж, диваажин гэх өөд тэмүүлнэ. Гэхдээ ХЭЗЭЭ? Хэзээ вэ гэдгээс гадна, тэр хүртэлх энэ хайран цаг хугацаагаа яах вэ? Энэ чинь надад ахиж хэзээ ч ирэхгүй, хэчнээн эд баялаг, хөрөнгө мөнгөөр олж авч чадахгүй ТИЙМ үнэтэй зүйл шд. 

Надад хэцүү байна, хүн бүр ийм хэцүү давааг даван туулах ёстой гэж би үзэхгүй байна. Энэ бол жирийн л нэг хүндрэл, байдаг л нэг зүйл байж болно гэхдээ миний хувьд л лавтай ийм зүйл байж болохгүй.
  • Би юу ч буруу зүйл хийгээгүйн төлөө яагаад бусдын өмнөөс хариуцлага үүрэх ёстой юм бэ?
  • Би яагаад дургүй, таалагдахгүй бүр зэвүүцэн жигшиж байгаа хүмүүстэйгээ хамт байх ёстой юм бэ?
  • Би яагаад сурсан мэдсэнээ бусдад гайхуулж чадахгүй байгаа юм бэ?
  • Би яагаад өөрийгөө нэг ч зүйлээр хөгжүүлэхгүй, байдгаараа л бүр улам сулдан доройтож, чанараа алдах ёстой юм бэ?
  • Би яагаад дургүй зүйлээ хийнгээ хүсэхгүй зүйлээ ярих, хэлэх ёстой гэж вэ?
  • Би яагаад нэг л хэвийн ийм жирийн байх ёстой юм бэ?
  • БИ ЯАГААД?
 Миний мөрөөдөл: Их энгийн бас Их утга учиртай л даа. 

"Өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ, биежүүлэн хэрэгжүүлж, өөртөө бус өрөөлд ашиг тусаа өгсөнөөр тодорхой хугацааны дараа эргэн хараад өөрөө өөртөө "Би энийг өөрийнөө 5 мэдрэхүйгээрээ хийж бүтээсэн юм шүү дээ" гэж даруухан бас чимээгүйхэн хэлээд нэг сайхан санаа алдаад өнгөрсөн бүхий л амьдралынхаа цаг хугацааг дэмий үрээгүйгээ мэдрэх" л юм шүү дээ. Энэ юу нь тийм хэцүү гэж? 

Гэтэл яг одоо миний алхаж байгаа энэ жим бол зам биш бас тэр мөрөөдөлд минь хүрэх чиглэл бүр ч биш гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна....Мэдэрсэндээ нулимс минь чимээгүйхэн урсаж байна...

Comments

  1. Яаж ингэж хүний шүлэг ичих ч үгүй хуулбарлаж чаддаг байна аа!!! Бас л авьяас шүү тэ

    ReplyDelete
    Replies
    1. Бүр болоогүй алдаа мадагтай нь шүү

      Delete
    2. http://springdestiny.blogspot.com/2013/10/blog-post.html

      За, уучлаарай, аль 2013 оны 10 сард энэ блогтоо анх бичиж байсан МИНИЙ ӨӨРИЙН ЗОХИОСОН ШҮЛЭГ шүү!

      Хүний шүлэг хуулбарлаж эндээ тавих тийм зан надад даанч хэрэг байхгүй.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes