Хэрэв хүсвэл...

Хэрэв хүсвэл
Хэний ч мэдэхгүй
Холын хол
Хаа нэгтээ яваад өгч болно.

Хэрэв хүсвэл
Хэнд ч хэлэхгүй
Хатуухан үнэн үгээ залгиад
Харц бууруулж би чадна.

Хэрэв хүсвэл
Харсан ч хараагүй юм шиг
Сонссон ч сонсоогүй юм шиг
Амталсан ч амтлаагүй юм шиг
Хүрсэн ч хүрээгүй юм шиг
Мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг, тэгээд

Хайрласан ч хайрлаагүй юм шиг
Аашилж би чадна.

Хэрэв хүсвэл
Хаана ч хамаагүй ганцаараа
Хацраа дэвттэл уйлж сууж чадна
Харин бусдын нүдэнд өртөхдөө
Худлаа ч гэсэн инээмсэглэж бас чадна.

Хэрэв хүсвэл
Худлаа хэлж зүрхлэнэ би
Хэндээ ч хамаагүй, өөртөө ч гэсэн...

Хэрэв хүсвэл
Бүгдийг орхиод
Бурханы орныг зорьж чадна
Хэрэв хүсвэл
Бүгдээс хол зугатаад
Бүүдгэр тэнгэрийн нар нь болж чадна...

Хэрэв хүсвэл
Үхэж, үгүйрч, байхгүй болж чадна
Хэрэв хүсвэл...
Хэрэв хүсвэл би зүгээр л
Хаа нэгтээ замхарч болно...



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан