"Бодлын минь үзүүрт чи"

Бодлоо... 

Бурханг хүртэл байдаг болов уу гэж 
Буруу зам ямар харгуй байдаг бол гэж 
Бусдын амьдрал яадаг бол гэж...
Би "чамаас" бусдыг нь бодлоо 

Битүүхэндээ алгасаж бас үл ойшоож 
Бараг л чамайг байхгүй юм шиг хичээлээ 

Болсонгүй ээ, тэнд чи байж л байна
Бодол бодлын үзүүрт чи оршиж л байна

Бодохгүйд би суралцахаар
Бясалгал хийн завлиж үзлээ
Бидний биш "миний" амьдрал гэж
Бүхэл тархиндаа итгүүлэхийг оролдлоо

Болсонгүй ээ тэнд чи байсаар л байна
Бодож дуусашгүй чи ундарсаар л байна

Алга болгохыг хүссэндээ биш юмаа
Аргуу амьдралын харгуй замаар
Арван тавны бүтэн сартай шөнөөр
Гав ганцаараа алхахаас айсандаа л тэр байх


Бодохыг хүсээгүйдээ биш юм аа
Бусдын жаргалтай амьдралд атаархсандаа л
Бурууг үйлдэхгүйгээр бурхан шиг хайрлах гэсэндээ л
Би чамгүйгээр оршиж чадахгүйдээ л тэр байх

Хайрлахыг хүсэхгүйдээ биш юм аа
Харамлаж чамайг өмчирхсөндөө л
Харах төдийд дурлан дурлан тэмүүлдэгтээ л
Хайрлахгүй байхын аргагүй дэндүү сайхан болохоор л тэр байх

Бодол бодлын үзүүрт чи оршиж байна
Булиглах зүрх чамайг үгүйлэн цохилж байна
Би чамайг маш ихээр санаж байна
Бэтгэрч хүлээсээр үгүйрч байна....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан