"Нэг л удаа" нь хангалттай.

Сайн уу, блог минь. Салгалаж, тэмтчиж, алхалсаар эцсийн эцэст хүрч ирэх цэг минь чи л байна. Энэ бүхний эцэст очиж цурхирах, уцаарлаж гомдох газар минь бас чи л байна...

Ганцаардал чи намайг хэзээ ч бүү орхиорой. Чи үгүй бол би үгүй болно. Чамгүйгээр би амьсгал яаж ч авахаа мэдэхгүй байна. Учир нь чамтай л байвал сая би нэг амьдарч байх шиг. Чамгүйгээр, хэн нэгэн, хэд хэдэн хүмүүс дэргэд минь байхаар амьдрал шал утгагүй болчих юм. Ганцаараа л байгаад баймаар. Надад хэн ч хэрэггүй. Хүнээр ямар хэрэгцээ хангадаг биш дээ. Тэдний эрэлт хэрэгцээгээр угаасаа би яах юм. Зүгээр надаас хол яв, гуйж байна. Ганцаардлыг минь нэгэнт надаас үүрд салгаж чадахгүй бол зүгээр л хол яв, алхам ч дөхөөд хэрэггүй. 

Яагаад ч юм, урьдын тэр явдлыг дахин сөхмөөр санагдлаа. Яагаад гэвэл надад үүнийг яриад тоочоод суухад дэргэд минь хамт суугаад сонсох хүн нэг ч үгүй болж. Тэгэхээр ганцаардал чамд л би дахин ярихаас биш...

Эр хүн. Эрэгтэй хүн. Энэ бол надад хамгийн их хэрэггүй "зүйл". Миний өнөөдөр ингэж их хичээж, зүтгэж, ажиллаж, тэмүүлж байгаа минь энэ амьдралдаа "эрэгтэй хүн"-гүйгээр амьдарч чадах тийм оргилд гарах юм шүү дээ. Би хэзээ ч ингэж бодож байгаагүй л дээ. Угаасаа иймэрхүү бодлууд төрмөл биш олдмол байдаг. Яагаад би ингэж бодох болов? Тээр нэг жилийн хаврын орой би эрэгтэй хүнийг амьдралдаа анх удаа нус нулимсандаа хутгалдан байж, бардам зан юугаан гээн байж, бусдын юу хэлэхийг үнэхээр үл ойшоон байж, доторх хүн өөртэйгээ хэрэлдэн байж ГУЙЖ, ГУВШИЖ, ХҮЛЭЭЖ үзсэн. Эрэгтэй хүн чинь их хатуу юм билээ, цагаа тулаад ирэхээрээ. Эсвэл аягүй сайн ХУДАЛЧ. Дэргэд нь эмэгтэй хүн нэг ч үг худал хэлж чаддаггүй, хэлээрээ хэллээ ч, хэдийн үйлдэл нь түүнийгээ байнга үгүйсгэж л байдаг. Харин эрчүүд худал ярьж байгаагаа үйлдлээрээ хамгийн түрүүнд илтгэдэг гайхалтай сайхан хууран мэхлэгчид. Надад аймшигтай байсан. Миний амьдрал тэгээд л тэр чигтээ хаврын аадар бороотой тэр шөнө дуусах юм шиг санагдаж байсан. Шаагин орох бороон дуслууд хацар даган урсах нулимсыг минь урсгаад аваад явчихгүй зүрх сэтгэлийг минь угла татан авчих шахам ширүүн орж байсныг нь яана. Бодохоор л аймар. Гэхдээ яг үнэндээ тэр бол жирийн л нэг цаг агаарын үзэгдэл байсан. Харин тэр л хүний надад мэдрүүлсэн тэр аймшигтай мэдрэмж байгаль цаг уур бүхнийг өөрийнхөө хар мөртөө уусгаж орхиод хорвоо ертөнц чамайг дагаад надруу нуруугуу харуулсан юм шиг. 

Би одоо ч асуумаар байдаг. Чи яаж чадав аа? 

Чиний тэр аймшигтай үл тоомсорлолт, хэрцгий занд чинь миний хөөрхийлөлтэй ҮЗЭН ЯДАЛТ хүртэл багадна. 

Миний өөрийн хувь хүний зан "ХЭЗЭЭ Ч ХЭН НЭГНИЙГ ГУЙХГҮЙ, ХАРЖ СУУХГҮЙ, ХҮЛЭЭЖ НАЙДАХГҮЙ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХИЙХ ГЭЖ ЯТГАХГҮЙ" л байх юм. Үүндээ ч сэтгэл хангалуун бас үнэнч явдаг нэгэн. Нэг удаа гуйж үзсэн. Битгий гэж хүлээж, өөрийнхөө хүслээр асуудлыг шийдэх гэж хэлж, гуйж, эрээ цээргүй загнаж үзсэн. Үр дүн нь юу байв?! Тэр цагаас хойш миний өөртөө амласан хамгийн том бас цорын ганц амлалт бол "Хэзээ ч эрэгтэй хүнийг би гуйхгүй ээ. Хэзээ ч битгий гэж хэлэхгүй. Хэзээ ч эр хүнээс болж цээжээ хүчтэй базлан шөнө бүр дэрээ чийглэж, хөнжил дотроо тарчилж хонохгүй ээ би." 

Тийм болохоор явбал яв. Явах бол анхнаасаа наашаа зүглэхийн ч хэрэггүй. Явсан бол тэр чигээрээ баяртай. Битгий эргэж хар, гуйя. Битгий эргэлзэж тээнэгэлз, тэнэг харагдана. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүс бусдад тэнэг харагдахыг хүсдэггүй. 

Тиймээс ганц л зүйлийг энд тэмдэглэмээр байна. Амьдралдаа гаргасан алдаагаа хоёр, гурав, дөрөв.... дахин давтахыг ХЭЗЭЭ Ч хүсэхгүй ээ. Бас тийм алдаа гаргахыг минь зөвшөөрөхийг ч бас хүсэхгүй. Нэг л удаа нэг жилийн хоног өдрүүдэд уйлж унжиж, гутарч, цөхөрч, аргаа барж үзсэн минь энэ амьдралд эрэгтэй хүний тухайд хангалттай. Нэг л удаа үл тоомсорлуулж, хүйтэн бороонд хаягдсан мин хангалттай. Нэг л удаа бие сэтгэлээрээ хохирч үлдсэн минь хангалттай. Нэг л удаа... Үүнд хоёр дахь, гурав дахь гэж ХЭЗЭЭ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ !!!

 

Comments

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Блог эцсийн эцэст хань болдог шүү яаж болсон ч ганцаараа байх үе байдаг байх ганцаараа байхад нэг л тайван амгалан тайван гээд. Хэн нэгэн хүнд захирагдахгүй хэн нэгэн хүнийг хүлээн гээ байхгүй ганцаар нэг л намуухан орчинд л баймаар иймэрхүү үе байдаг. Хаврын улирал эхэлсэнтэй холбоотой уялдаатай байгаа байх аа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes