Эх орон минь намайг унтуулсангүй

Эх орон....
Эх орон гэхлээр л санаа алддаг болж
Эргээд харих хаягтайдаа би баярлаж байгаа ч
Эх нутгийнхаа ирээдүйд санаа минь зовинодог болж

Би тэрлэг дээл өмсөж, тал нутгаараа бахархаж хүмүүн болсон
Би өвөг дээдсээс Монголынхоо түүхийг шимтэн сонсож хүмүүжсэн
Би таван толгой малынхаа сүү идээнээс амсаж ундаассан
Би цээжиндээ ганц л эх нутагтай гэж өөртөө захисан

Өсөж том болохын хэрээр
Өөрөө ч мэдэлгүй сэтгэл минь түгшиж
Өнөөдөр би эх оронтой хүн ч гэлээ
Өрөөлийнх болохоос зүрх минь түгшинэ

Харийн ашиг сонирхолтнууд
Хамаг Монголруу минь нэвтрэн орж
Хамгаалж тэднийг хязгаарлах
Хүн ардын үнэнч зүтгэлтэн ч алга

Мөнгө, өнөөдөр тэднийг эрхлүүлж болно
Маргааш тэд очих газаргүй болчихоод
Мөнгө ч байтугай юугаар ч буцааж үл болно
Магад тэр үед л толгойгоо шааж нэг харамсах вий

Уг нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм сан
Угтаа дэлхийн талыг эзэгнэж
Тамга тэмдгээ сийлсэн юмсан
Тал нутгаа түмэнд бид гайхуулсан юм сан

Эх орон минь бодогдоод шөнө унтаж чадсангүй ээ
Элэг нэгт Монголчууддаа санаа минь зовоод байж чадсангүй ээ
Энх амгалан Монголоо би харамлаад
Энэ л сэтгэл зүрх минь тайван нойрсож болсонгүй ээ....

Ганц шөнийн нойр хулжсандаа ч яахав
Гарцаагүй бусдынх болсон цагт
Ганц бүү хэл тал өдөр ч нойрсож үл чадна
Гагцхүү тэр л үед төр баригчид минь харамсаж нэг ухаарах вий....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан