Сарны "Хийлчин охин"

Сар... Гараг ертөнц дээр цор ганц орших энэ гэрэлт зүйл намайг нэгэн бүхэл шөнө гайхшруулж орхисон юм. Би түүнрүү ширтээд л, ширтээд л байлаа... Яг л тэр надруу ч гэсэн цоо ширтэж байгаа мэт. Би өмнө нь үргэлж наранд дурлаж, түүнийг эрэлхийлж, нар үгүй бол амьдрал минь ямар ч гэрэл гэгээгүй, түнэр харанхуй болж буй мэт сэтгэл минь хоосорч үгүйрдэг байсан. Харин тэр түнэр харанхуй дотор ийм үзэсгэлэн төгөлдөр сарны гэрэл оршиж байдгийг би мэдээгүй явж... Яагаад ертөнц дээр наран саран ээлжлэн эргэлдэж байдгийг би одоо л анзаарч байгаа юм шиг. 

Түүнийг уй гунигийн мэлмийгээрээ бодлогоширон ширтэж байхад надад ийнхүү бодогдсон юм... 



"Сар... сар надад өөрийн байдаг бүх л гэгээгээ тусгаж байна. Гэтэл би юу хийж суугаа юм бол, надад түүнд хариу барих ганц ч зүйл байсангүй. Тэр лав харанхуй тэнгэрт ганцаардаж байдаг байхдаа... Дэндүү, бүр дэндүү ганцаардсандаа ийм тод гэрэлтдэг юм болов уу. Яг л над шиг... Бас түүний л гэх энэ ганцаардсан амьдралд дуу эгшиг лав дутагдаж байдаг байх. Наран хэзээ ч ганцаардаж, чимээгүйн далд ертөнцөд байж үзээгүй. Саран лав бусдын хөг аялгууг сонсохыг мэдрэхийг ямар их хүсдэг бол оо...."

Тэгээд би түүнд аялгуу тоглож өгөхөөр шийдсэн юм. Нэг л сонсголонтой мөртлөө түүний уйтгар гунигт түүхийг хүүрнэн өгүүлж байгаа юм шиг тийм хийлийн аялгуу... Түүний тодоос тод гялалзан асах гэрэл дор хэчнээн л бол хэчнээн ая тогломоор... Би өмнө нь хэзээ ч ийм мэдрэмжийг нарнаас авч байгаагүй юм байна. Өдрийн гэрэлд би бусдын өмнө хийлээ тоглож байхдаа жирийн л инээмсэглэсэн хүмүүсийн дүр царай, хуурамчаар бахдах алга ташилт, хий хоосон цэцэрхсэн үгс л миний чихийг мялааж байснаас биш хэзээ ч хэзээ ч ийм тодоос тод гэрэл, түүний чив чимээгүйхэн намайг тоглохыг сонсох тэр дүр байдал, намайг гунигтайхан эгшиглүүлж байхад дагаад гунирхах түүний уй миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байлаа. Түүний дэргэд хэчнээн л бол хэчнээн аялгуу тоглоод л, тоглоод л.... зүгээр л тоглоод л баймаар... Тэр бид хоёр дэндүү... дэндүү адилхан юм... Би түүнд энэ насаараа дэргэд чинь байж, хөг аялгуу сонсгож, хамтдаа түнэр харанхуйд гэрэлтэхийг хүсч байгаагаа хэлээд сүүлийн  "Song from secret garden" гэдэг аялгуугаа тоглож өглөө...

Хэдэн зуун жил өнгөрч, хүмүүн төрөлхтөн шөнийн тэнгэрт саран мишээхийг үзэх болж, түүний дэргэд анивчих хамгийн тод "ОД"- ыг олж харах болсон юм... Хийлчин охины гэгээхэн хүсэл нь биелж, үүрд сарны дэргэд туаярч, түүнд хэчнээн л бол хэчнээн ая тоглож өгөх болж, сар хэзээ ч дахиж ганцаардаж, уй гунигт автаагүй харин ч улам ихээр мишээх болсон юм гэнэ лээ....

Зохиосон: Zezo Destiny
Зохиолыг  "Song from secret garden" by Secret Garden аяыг сонсож бичив.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes