ЧИКАГО хотоор аялсан минь...

"Америкийн өнгө миний нүдээр"
Цуврал №2


Бага байхын л Америк кинон дээр гардаг шиг эгэл жирийн амдьрал дунд өөрийн биеэр орж үзэхсэн гэж их мөрөөддөг байлаа. Юунд нь ч болоод байсан юм бүү мэд. Одоо бодохнээ аргагүй ч юм уу, янз янзын дүр төрхтэй хүмүүс, сонин хачин байшин барилгууд, нүд орой дээр гармаар гайхам сайхан зүйлс, хэл соёлтой орчин үеийн хүмүүсийн аж байдал, идэж уух тэс өөр хоол хүнс гээд дунд сургуулийн охины сонирхлыг татахаар барахуу байж. Арваад жилийн дараа хүсэж мөрөөдөж байсан Америкийн хотод хөл тавина гэж би зөвхөн нартайд мөрөөдөж, сартайд зүүдэлдэг байлаа. Энэ хүүхэд насны гэнэн мөрөөдлөө биелүүлэхээр би хичээлийнхээ амралтаар Чикаго хотыг нэгэн Казакстан охинтойгоо дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар зорьсон юм. Чикаго хот бол миний анхны сэтгэгдлээр яахын аргагүй эртний хуучин том хотуудын нэг агаад Америк улсын хамгийн том хотуудын гурав дугаарт жагсдаг билээ.

Дээш ангайж, хүзүү хөшмөөр тийм өндөр тэнгэрт тулсан барилгууд миний гайхлыг бүр барж орхилоо... "Ямар өндөр юм бэ, ёстой л нөгөө тэнгэрт тулсан өндөр байшин гэдэг чинь л энэ байна даа" гэж өөрийн эрхгүй уулга алдсан. Бидний очсон эхний өдөр үүлэрхэг бороотой байсан тул тэр өндөр байшингуудын орой нь үл үзэгдмээр манан дунд хөвж байсан юм. Гайхмаар биш гэж үү, орой нь тэнгэрт тултал, манан нь тэднийг бүрхтэл тийм сонин үзэмжтэй. Хэдэн зураг дараадах гэтэл нэвширтэл бороо орох нь тэр. Тэнгэрээс хэн нэгэн хүмүүс нь манайхны хэлдэгээр төмпөнгөөр бороо цутгаж байгаа мэт. Бид хоёр ч Калифорниа мужид тийм их айхтар ширүүн, аянга дуу цахилгаантай бороо үзээгүй хоёр айх чичрэх, гайхах нь зэрэгцэж байлаа. Хамгийн хачирхалтай нь хүмүүс нь ер тоосон шинжгүй, зүгээр л хээвнэг алхацгааж байх юм. Нээрэн л Америкийн зүүн зүгийн хотуудын цаг агаарын байдал галзуу байдаг гэлцдэг нь үнэн болж таарах нь тэр ээ.

Нийтийн унааны хөгжил дэвшил бол байна аа байна. Метронд нь хотын төвөөр зогсохгүй зогсоол, явахгүй газар гэж алга аа. Дээгүүр доогуур пар пар хийгээд л их л дуу чимээтэй өнгөрнө. Авууштай тал нь хотынхоо иргэддээ зайлшгүй автомашин авах хэрэгцээг хязгаарлаж өгч байгаа юм. Гэхдээ бас чамлахаар үнэтэй юм билээ. Бидний тэнд байсан хоол ундны зардлаас илүүтэйгээр нийтийн автобус, метроны зардал нэлээд явж өгсөн шүү.
Тиймдээ ч нийтийн унаагаар нь мөнгөгүй ядуу зүдүүгээс авахуулаад баян чинээлэг, ажил хэрэгч боловсон хүмүүс хүртэл бүгд үйлчлүүдэг юм байна. Дээрээс нь сонин сонин стиль имижитэй хүмүүсээс авахуулаад эгэл жирийн Америкийн иргэдийг харж болно. Монгол хүнд хаа ч явсан нэгнээ мэдэрч, таних явдал бас байх юм аа. Сонин гэвэл анх очсон өдрөө метронд сууж явтал хаалга хаагдах агшинд гурван Монгол хүнийг олж харлаа, эхлээд мөн болов уу биш болов уу гээд өнгийн харж байтал нэг Монгол нь зүүн гар дээрээ Монгол гэсэн уйгаржин Монгол бичгээр шивүүлсэн шивээстэйг хармагцаа сэтгэл нэг л их сайхан болж билээ. Сонин юм шүү, эх орныхоо хүмүүсийг энэ арван хэдэн мянган хүн дундаас олж харна гэдэг.

Бид хоёрын аялал хотын төвөөр л эхэлж, хотын төвөөр дууслаа. Эртний загвар хийцтэй барилгууд орчин үеийн шилэн тэнгэрт тулсан барилгууд хосолсон энэ хотын төв их л завгүй, их л хөдөлгөөнтэй.

Ингээд дараагийн өдөр нь бид хоёр дэлхийд алдартай бөмбөр дардаг нэгэн сонирхолтой шоу хамтлагийн тоглолтыг театрт үзэхээр шийдсэн юм. Их алдартай болохоор бид хоёр арын эгнээний хоёр суудлын билет олдох нь тэр. Мянга мянган үүзэгчид цугласан энэ шоуг би сэтгэл догдлон, юу болох бол гэсэн сониуч зангийн хамтаар тэсэн ядан хүлээж суулаа. Эхлэнгүүтээ л үзэгчдийн инээдийг барсан энэ тоглолт надад мөн ч ихээр таалагдаж эхлэв. Маш их сонирхолтой.

"Blue Man Group" 

Хамгийн итгэмээргүй нь азтай үзэгчээр би сонгогдсон юм. Тухайн үедээ юу болоод байгаад итгэж өгөхгүй, өөрийгөө их л азтай хүн гэж бодож байсан юм. Тайзан дээр гараад тэд нартай хошин үзүүлбэрүүдийг нь хамт хийхийн хажуугаар үзэгчдийн инээлдэх нь мэдрэгдэж, сүүлдээ дундаа орчихсон байж билээ. Сонин юм шүү, тэр мянга мянган үзэгчид дундаас арын эгнээнд сууж байсан намайг сонгоно гэдэг надад үнэхээр энэ амьдралд сонин, гайхалтай, итгэмээргүй санагдаж байсан юм. Сэтгэл минь их хөдөлж, дурсамжийн ганц гэрэл зурагтай үлдсэн юм.

Амьдрал нээрэн л итгэмээргүй, гайхалтай зүйлээр дүүрэн байх юм... Ёстой л нөгөө хүмүүсийн хэлдгээр "Амьд явбал алтан аяганаас ус ууна" гэдэг шиг л... Илүү их юм үзэж, нүд тайлахын хирээр амьд яваадаа талархаж, амьдралд илүү ихээр талархах юм...

За тэгээд бидний аялал "Millennium Park", "Navy Pier" болон "Buckingham Fountain" зэргээр үргэлжилж, алхам бүртээ л сонин хачин зүйлс үзэж харж явлаа. Чикаго орчин үеийн өндөр шилэн барилгуудтай хэрнээ бас эртний барилгууд ч байна түүгээрээ хотоо чимдэг юм шиг санагдсан. Мөн үүнээс гадна хотынхоо зохион байгуулалтыг илүү аялал жуулчлалын зориулалтаар хийсэн байсан нь илт байсан. Тиймдээ ч алхам тутамд мөнгө хэрэгтэй болно.

Нэг сонирхлыг минь татсан зүйл гэвэл хотын зам гудамж... Зам нь яг шугамдчихсан юм уу гэлтэй нэгэн жигд, түүнээ дагаад гудамжны гэрэл ч мөн адил... Тэр нь их цэгцтэй харагдахын сацуу төөрч будилахад саадгүй мэт.

Хотын захаараа гэхдээ тийм ч цэгцтэй биш ээ. Гэрийнхээ цонхноосоо ганц метрийн зайтай метро өнгөрөхийг олж харах жишээтэй. Хүмүүс нь хотынхоо төвд нийтийн унаагаараа ирж ажиллачихаад хотын захруугаа тарж амьдардаг юм шиг санагдсан. Гэргүй, гудамжны хүмүүс санасныг бодвол цөөхөн, бусад том хотуудтай харьцуулбал их цэгцтэй, цэвэрхэн хот.

Ерөнхийдөө бол нэг иймэрхүү... Удаан хугацаагаар байгаагүй ч Америкийн өнгийг бас нэгэн том хотоор үзээд авсан нь миний хувьд маш азтай хэрэг байлаа... Үргэлжлээд ч бас өөр хотуудаар аялах хүслээ барж дийлэхгүй л байгаа...  :)


Comments

  1. Hi, chinii ene bichegiig sanamsargui yawj bgad olj unshlaa, setgel sanaa jaahan ontsgui bsan tegsen ih goy bolchihloo. Ysan ch shan hot we de.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes