Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь... №2 "09.26-ныг эргэн дурсахуй"

/Үргэлжлэл/

Би хэзээ ч төсөөлж байгаагүй ээ, үнэндээ... Хүн амьдралдаа ер бодож, төсөөлж байгаагүй зүйлээ хийчихсэн л байдаг гэдэг үг надад үнэн санагдсан. Харийн орны хятад гэж сэтгэл минь ялгалгүй тэр том онгоцны буудал дээр өөрөөсөө жаахан 18 настай охинд замыг нь зааж өгч, унаанд нь суулгаж, хэлмэрч хийж өгч байсан би бээр өөрийгөө "Америкийн нэгдсэн улсын нисэх онгоцны буудал" дээр ирчихсэн байснаа мэдэхгүй шахам, эсвэл итгэж ядан зогсож байсан юм даг. Хүн болгонд адилгүй заяах энэ амьдралыг би хайрлахгүй, бахдахгүй гээд яах билээ?

Ганцаараа гуч дөчин мил яваад байрлах газрынхаа хотод хүрээд л ирчихсэн юм даг. Шэратон гээд нэгэн том сүлжээ зочид буудлын үүдэнд автобуснаас буухад нэгэн найрсаг хаалгач намайг угтаж билээ. "Би Монголоос ирсэн" гэхэд тэрээр ихэд цочирдон гайхаж, биширсэн байртай "Хөөх, тийм үү, ямар гайхалтай хэрэг вэ? Америкийн нэгдсэн эрх чөлөөт улсад ТАВТАЙ МОРИЛ" гэж хэлсэн нь ёстой л намайг тавтай морилуулчихаж билээ.

Sheraton Hotel in Anaheim city: Ирж авах хүнээ яг энэ лобби-д хүлээж суулаа...
Интернетэд арай хийж холбогддог утсаараа Фэйсбүүк хаягруугаа ороод "Би ирчихлээ" гэсэн зурвасыг намайг тосож авах хүндээ бичиж үлдээчихээд, алс холоос болзсон болзоогоо тэсэн ядан хүлээж суулаа. Харин ингэж хүлээж суухдаа дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүдийн үзэх дуртай Калифорнийн анхны "Дисней Лэнд"-ээс хэдхэн метрийн зайтай байгаагаа мэдээгүй байлаа. Нөгөө найрсаг хаалгач хүрч ирээд "Таныг авахаар хүн ирчихлээ" гээд ачааг минь зөөж гаргаж өгөөд тэр ахтай салах ёс хийж байтал тэр том зочид буудлын урд тас хар BMW зогссон байлаа. Дотроос нь ихэд чөлөөтэй байрын хувцасласан өндөр нэг их том нүдтэй эмэгтэй гараад ирэв. Сайн байна уу гээд мэндэлцээд надад бол ирэхээсээ өмнө интернэтээр харилцаж харилцаж ирсэн болоод ч тэр үү, их л дотно санагдаж ердөөсөө тэр эмэгтэйгээс айж эмээх зүйл байгаагүй нь их сонин. Магадгүй юу ч болохгүй байсан л болохоор сэтгэл дотроо тайван байсан хэрэг. Цэлийсэн өргөн зам, өндрөөс өндөр нарлаг мод замын хажуугаар цуван эгнэсэн, хажуугаар өнгө өнгийн, стиль стилийн автомашинууд хэдэн арваараа зөрж өнгөрөөд л нүдний минь хараа гүйцэхгүйтэй л адил...


Beverly Hills
Хэзээ ч мартагдашгүй тэр оны 9 сарын 26-ний өдөр. Төсөөлөхүй еэ бэрх өдөр. Бүр итгэж ядсан гайхалтай өдөр...

Байрны эзэн /намайг тосож авсан Араб эмэгтэй/ гэрийг минь, унлагын өрөөг минь үзүүлчихээд бас бус зүйлс зааварлаж өгөөд бид хоёр хоолонд орохоор намайг гадуур жаал дагуулж явлаа. /Маш их өлссөн байсан/. Намайг дагуулаад баахан араб дэлгүүр, хоолны газраар явсан санагдана. Өмнө нь ТУРК хоол идэж сурсан надад огтхон ч шинэлэг, эвгүй, сонин содон санагдаагүй, шууд л амттай харагдсанаа аваад идчихсэн дэг. Яагаад ч юм энэ араб эмэгтэй надад их итгэл даахаар санагдаж байсан ч нэлээд зарчимч, шулуун, заримдаа их ууртай, жаахан нэг тийм хүйтэн хөндий хүн байсан юм. Аа тийм, хамгийн ихээр бараг хоол олж идэхээс ч илүүтэйгээр бушуухан "ухаалаг гар утас" авах бүр нэн шаардлагатай байж билээ. Учир нь Монголоос Жи-Мобайлын олон улсны интернет дугаар аваад ирчихсэн бушуухан л намайг сайн явж ирснийг мэдэх гэсэн хүлээж байгаа дотны хүмүүстэйгээ ярихыг хүсэж байв. Ингээд тэр намайг дагуулж банк, дэлгүүрээр явав. Утасны зах ч юм уу, манайх шиг ТЭДИ гэсэн төв байдаггүй. Шууд л Мобиком, Скайтел энэ тэр шиг аль нэг салбар дээр нь очоод л таалагдсан утсаа авчихдаг юм билээ. Тэгэхэд авсан миний Андройд системийн нимгэн ухаалаг гар утас маань надад энэ жил хагасын хугацаанд нь их л хань болсон доо хөөрхий. Харахаар л бүхэл бүтэн чемодан дүүрэн аяллын минь дурсамж бодогдоод байдаг юм. Утсаа аваад худалдагч нь гадна гэрийг нь үнэгүй өгчихөж билээ. Үнэгүй өгсөнд нь ч яахав, миний дуртай чернилэн ягаан өнгөтэй байсан болохоор жигтэйхэн баярлаж билээ.

Ингээд намайг гэрт орхиод гарлаа. Гав ганцаархнаа гадагшаа харвал цэв цэнхэр усан сан, тойроод 2 давхар хаус маягийн орон сууцууд. Бичил хотхон ч гэх юм уу даа. Их л цэвэрхэн, цэгцтэй, зохион байгуулалттай, маш тухтай, амгалан тайван, дотроо ой мод шиг өндөр өндөр ногоон мододтой үнэхээр л миний Америк дэхь мөрөөдлийн гэр байж билээ. /Яг л кинон дээр гардаг шиг/

Цонхон талдаа байрлах миний ор бас хувцасны шүүгээ, өрөөний охины орны талаас харагдах нь...
Хайртай, дотны хүмүүстэйгээ нэлээд удаан ярисны эцэст өрөөндөө ороод нам явчихаж билээ. Өрөөний охиныг Мексик л гэж хэлснээс биш түүний талаар ямар ч ойлголт байхгүй байлаа. Гэтэл тэр найз маань одоог хэрнэ надад ярьдаг юм "Ажлаасаа тарж ирээд өрөөндөө ортол үхсэн амьд нь мэдэгдэхгүй, нэг шал өөр гараг ертөнцийн гэмээр охин нөгөө орон дээр унтаад л байсан, унтаад л байсан. Би хэзээ нэг энэ сэрж өрөөнийхөө охинтой танилцах юм бол оо? гээд л хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан. Сүүлдээ би энэ ер нь амьд л байгаа даа гэж жинхэнээсээ их гайхсан" гэж..... Аргагүй л юм даа. Монголоос гараад хориод цагийн турш 2 онгоц дамжиж болсон болоогүй хэдэн цаг унтсан хүн үхсэн юм шг унтаа биз.

Тэр үед надад бодогдсон надад бас танд сургамжтай зүйлсийг нэг жагсааж үзье. 

1. Хамгийн түрүүнд миний хэлэхийг яарсан үг: "Мөрөөдөл биелдэг юм"

Хамгийн гол нь мөрөөдөл биелдэг юм чинь гээд л хаа хамаагүй хэлээд, цуураад явах биш юм аа гэдгийг өөрийнхөө туршлагаараа батлах байна. Би анх UBS шиг санаж байна, телевизийн цуврал нэвтрүүлэг "Америкийн өнгө" - ийг үзээд "Ааваа, би ийшээ явж чадах болов уу? Би явахыг үнэхээр их хүсч байна. Би ерөөсөө ийшээ явна аа" гэхэд аав минь "Тэгэлгүй яахав, хүн чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж чадаж л байвал хүрч чадахгүй зүйл гэж байдаггүй юм, миний охин чадна аа гэж хэлж байсан нь өнөөдөр намайг мөрөөдлөө биелүүлэхэд минь чиглүүлж өгсөн жадны үзүүр болж байж.


Би хэнд ч ярьж байгаагүй л дээ, үнэндээ. Би зүгээр л шөнө нь өөрийгөө Америкийн гудамжаар алхаж байна гэж зүүдэлж, өдөр нь тийшээ тэмүүлэх хүсэл зорилгоо нууж ядан сургууль дээрээ өнждөг байсан. Тэгэхээр, мөрөөдөлтэй байх сайхан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэчнээн хичээж, мэрийж байгаа чинь бүр ч сайхан.

2. Хэнийг ч ялгаварлахгүй байх нь чамд эргээд тустай. 

Зүүн гар талаас Аяа (Казакстан), Мими (Итопиан), Би, Самара (Саудын Араб)
Нэг өдрийн дотор миний танилцсан 7 хүн маань шал өөр ертөнцийн, миний өмнө нь хэзээ ч сурагийг нь сонсож байгаагүй орны /Итоп/ хүртэл хүнтэй уулзсан. Надад тэр үед ерөөсөө айж эмээх, санаа зовох, хүйдэс аль нь ч байгаагүй юмдаг. Зүгээр л би энэ хүмүүстэй хамт амьдрахаар шийдчихсэн байсан болохоор өөр зүйлд сатаарах сөхөө байгаагүй байх. Чи л тэднийг анд нөхөд өө гэж, айж эмээж, ийм тийм гэж ялгаварлан үзэхгүй харьцвал тэд ч бас чамайг "ямар ч" хүн байсан ч чамтай найрсаг харьцсаар л байх болно.

3. Зорилгоо бүү март.

Гарт чинь ганц л түлхүүр бий. Чи түүнийг чангаас чанга атгаад, хаа нэгтээ хаячихгүйн тулд хичээж, тэмцэж яваа. Тэр бол чиний зорилго. Яах гэж гэрээсээ ийм хол, хэдэн мянган бээр туулж гав ганцаархнаа ирсэн юм? Үүнд чинь өмнөө тавьсан зорилго чинь л хариулт болж өгнө. Зорилготойгоо байхад чи хэзээ ч ганцаарддаггүй. Юу ч, ямар ч гай тохиолдсон даваад гардаг ид шидийг зорилго чинь л чамд өгдөг.

Чикаго хот

4. Өдөр бүр "инээмсэглэл" гэдэг маскыг зүүж бай.

Хэзээд биед чинь явж байх ёстой хэтэвч мэт энэ багийг орхиж болохгүй. Чи эрх чөлөөт оронд, эрх чөлөөт нийгмийн дунд ороод ирэхээрээ аяндаа инээмсэглэл тодроод л ирнэ. Тэгэхийн хирээр орчин тойрны хүмүүсийнхээ эерэг энергийг хүртэж явдаг. Өөрийгөө би санаж байна. Тэр нэгэн өдөр гэрээсээ гараад ганцаараа гудмаар зугаалж явахдаа, /жаахан сэтгэл эвгүй байсан юм/ гудамжинд яваа өөдөөс ямар ч шалтгаангүй хараад инээмсэглэж байгаа хүмүүсийн тэр харцанд хүртэл урам зориг орж, зорилго юугаан ухамсарлаж, их сэтгэлийн хүч, баяр баяслыг олж авсансан.



5. Хаана байгаадаа, юу хийж байгаадаа баярла, бас өөрөөрөө бахарха. 

Би дотроо боддог байсан. Өөр хэн ч биш, яг одоо энд би л алхалж байна. Би энд хүрч ирж чадсан. Миний өнөөдрийг хүртэл гаргаж байсан шийдвэрүүд, үйл хөдлөл, алхамууд минь намайг энд хөтөлж ирсэн. Би чадсан. Цаашид ч чадсаар байх болно. Зүгээр л гудамжинд явж байгаад Америкийн эх оронд эрдэм номын мөр хөөн алхаж байгаа гэдгээ зурвасхан бодоод үзэхээр хатуу цементэн дээр хоёр хөлөөрөө байдгаараа дэвсэлж, баярламаар санагддаг байж билээ.

Лас Вегас хот
 /Үргэлжлэл бий.../
  

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан