"Зун дууслаа..."

Зун дуусч байна. Энэ юу гэсэн үг вэ? Таны хувьд ? 

/Нэг тухтайхан шиг суугаад бодоод үзээрэй. Учир нь ийм байх, тийм байх гэж өөрийн зүгээс олон юм тааж бичмээргүй байна./ 


Аа, харин миний хувьд энэ бол энэ жилийн зуны улирлын л төгсгөл болохоос биш өөр бусад зүйлийн харин ч эхлэл нь болж байна. Маш чухал үе. Миний карьер, боловсрол, гэр бүлийн байдал, аж амьдралын минь Монголд суурьшин төвхнөх маш чухал үе. Хамгийн гол нь шийдвэрлэх мөч. Энэ л үед би хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ хэний ч тусламж, хэний ч хачирлаж, давсалсан үггүйгээр, зөвхөн өөрийнхөөрөө. Яагаад гэвэл би өнөөдөр 23 настай. Мастерын зэрэг хамгаалсан. Гадаад оронд сураад, амьдраад, төгсөөд ирсэн. Чадлынхаа хэрээр л бие даан амьдарч ирсэн. Надад шийдвэр гаргах хангалттай эрх аа, бас үүрэг нь ч бий. 

Ямар нэг зүйлийг хиймээр байна. Зуны улирал эхэлж, найз нөхөд, зугаа цэнгэл гэж явсаар одоо танах цаг нь иржээ. Угийн зүгээр сууж чаддаггүй би бээр нэг мэдсэн усан далайд шумбах гэж буйгаа ойлголоо. Харин чухам аль завинд суух вэ? Сэлүүртэйд нь суух уу, сэлүүргүйд нь сууж өөрийгөө сорих ёстой юу? 

Надаас Та ямар хүн болохыг хүсдэгийг маань асуугаарай. Би: 

"ОРОЙ унтахдаа завгүй ямар нэг төлөвлөгөө, төсөл, арга хэмжээ, шийдвэр, бодол сэдэл, арга чаргыг хайн эрэлхийлж, ӨГЛӨӨ сэрэхдээ өөрийнхөө зөв гэж бодсон нэг шийдвэртээ хүрч, түүнийгээ ӨДӨР нь биелүүлэхээр завгүй гүйж байдаг тийм л хүн болмоор байна" гэж хариулна. 

Тийм ч учраас одоо зүгээр сууж чадахгүй нь... Ямар нэг зүйл хиймээр байна. Надад үр ашгаа өгөх, миний оюун ухаан, хүч энергийг минь хөндөх, түүнээсээ суралцах нэг тийм зүйл. Одоохондоо хувийн бизнес эрхлэх болоогүй гэж боддог. Мэдээж хувиараа бизнес эрхлэнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг амар зүйл биш. Мөнгө ч алга. Тиймээс, магадгүй миний одоогийн хамгийн зөв алхам бол өөртөө оюун ухааны хөрөнгө оруулалт хийсээр байх. Аа, тэгээд мэдээж ганц л зүйл хийгээд сэтгэл зүрх минь ханадаггүй би бол ажил бол хийнэ л дээ. Ажил хийж байна аа. Яг үнэндээ миний хүссэн ажил биш. Гэхдээ энэ нь хүсээгүй гээд би мэрийдэггүй, хөмсгөө зангидаад суудаг гэсэн үг биш юм. Би хүссэн ажлаа өөрийнхөө урмыг хугалахгүйн тулд, өөрөө өөрөөсөө суралцахын тулд, бас өөртөө юм нааж үлдээхийн тулд, тэр цаана байгаа хүссэн цэгт хүрэхийн тулд өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж хийх бол энэ ажлыг би удирлагынхаа урмыг хугалахгүйн тулд, хий гэсэн ажлыг нь цаг тухайд нь хийгээд улсын ажлыг цалгардуулахгүй, амьхандаа л хичээж бас мэдэхгүй чадахгүй зүйлээсээ суралцаж, ямар ч орчин нөхцөлд дасан зохицох арга ухаанд суралцан байж хийж байгаа. Яагаад яг хүссэн тийм ажилдаа орж чадахгүй яваад байгаагаа одоохондоо сайн бодоод ойлгохгүй л байгаа. Магадгүй тархи минь үүнийг хайж л яваа байх. Магадгүй надад дутуу нэг зүйл байгаа байх. Нэгээр ч тогтохгүй байж магадгүй. Эсвэл шинээр төгссөн хүн бүрт ийм карьерын асуудал тулгардаг ч байж болох юм. 

Ямартай ч, удирдлагын ШУ-д суралцана аа. Ер нь би гэдэг хүн чинь юм л болвол удирдчих гээд дайрчдаг хүн юм билээ. Тиймээс энийг хараар биш ёсоор нь суралцаж, оролдох цаг болсон. 

/Бичиж байгаа зүйлээсээ ямар их урам авч байна аа... Болдогсон бол урам зориг дутаж яваа хүмүүст үүнээсээ хуваалцахсан./ 

Удирдлагын ШУ-аас гадна, мэргэжлийнхээ салбарыг тэлэх нэн шаардлага надад байна. БУ-ын салбар бол хэзээд нээлттэй байдаг, орж гарч л байдаг тийм том тогоо. Харин одоо нэг нарийн жимээр явах цаг болсон. Би сурмаар байгаагаа энд нуухгүй. 

"Хүн алхам тутамдаа, байя аа гэхэд жил тутам нэг зүйлийг гавшгай сайн суралцаж байх хэрэгтэй. Яах гэж хүн болж төрсөн юм? Ядаж л талыг нь сураад л од л доо... Хорвоо дээр түм буман сайн сайхан зүйлс байна, түүнийг олж авах оюун ухаан, чадал, чадвар бидэнд байна. Яагаад заавал нэгхэн л зүйлийг олж авчихаад ханах ёстой гэж? Одоо л шунадаг цаг. Одоо л шударгаар бусдын биш эзэнгүй байгаа зүйлийн эзэн болох гэж мэрийдэг цаг." 

Харин тэгэхийн тулд арга ухаан, эрдэм мэдлэгт суралц. Суралцаад бай. Болоод л байвал сур. Болохгүй байсан ч энэ эрдэмт биеийг бүү зэврээ. Арга зам хайж олоод суралцаад л бай. 

Яг одоо надад энэ зорилгыг минь биелүүлэхэд хэдэн сайн хамтрагч хэрэгтэй агаад ч тэр, энэ гээд сонгочих хүн байхгүйг би нуухгүй. Үнэндээ найз нөхөд, хамтрагч, дурлалт хүн гэдэг зүйлүүд шал ондоо. Тэгэхээр үүнийг цаг хугацаанд түр зуур даатгачихая. 

Тэгэхээр юуны өмнө би хэд хэдэн төслийн ажил бичиж эхлэхийг хүсч байна. 

/Мартсанаас саяхан нэг нийтлэлээс "БИ" гэж ярьж хэлж бай гэж уншсан юм байна. Энэ нь танд хэмжээлшгүй их үнэгүй олдох өөртөө итгэх итгэл, урам зоригийг, энергийг өгдөг. Би тэгнэ ингэнэ гэж ярьж хэлж сурснаар таны хүссэн бүхэн биелэх, зорилгодоо хүрэх магадлал тун өндөр байдаг аж./ 

Харин төслийнхөө ажлыг юугаар бичихээ сайтар тунгаан бодох хэрэгтэй. Ингэхэд надад бодох, судалгаа хийх цаг хэрэгтэй. 

Үүнээс гадна, нийтлэл, шүлэг зохиол яг ажил хэрэг болгож, даацтайхан бичнэ ээ. Бичнэ гэдэг бол угаасаа би хэн ч болсон намайг дагах ёстой хоёрдох сүүдэр маань юм. 

Мөн нэг тийм ажил хэргийн, бизнес эдийн засгийн хүрээний гишүүнчлэлийн бүлэгт элсэнэ. Харин яг алинд нь яаж вэ гэдгийг бас л судлая байз. Магадгүй хэнээс асуухаа мэдчих шиг боллоо. 

За бас яаж зүгээр суух вэ? /Хэхэ, би нээрээ хэнхэгтэй хүн шүү. Баахан олон юм хийх болчихоод зүгээр сууна гэнэ шүү. Хийж бардаг л байгаа даа. Барна аа барна. Би чинь залуу хүн шүү дээ. Залуу байхад дээрээс нь ийм их урам, эрч хүч байхад надад юу ч саад болж чадахгүй ээ./ Хэл сурна аа. Англи, Турк хэл сурчихсан. Өөр нэг хэл сурмаар байна. Магадгүй, Герман хэл. Их хатуу мөртлөө тийм классик хэл юм шиг санагдаад байдаг юм. Ядаж л сурчихаад Герман найзууддаа ярьж гайхуулмаар байна шүү дээ. 

За тэгээд болж өгвөл ахиад нэг юманд явчих юмсан. Бүжиг, спорт аль нэг нь. Ширээний теннис ээ одоо бүр мартаад, төсөөрлөө л дөө. Эсвэл сагс. Эмэгтэй хүн бүжиг наадам гэхээсээ илүү спортлог байх хэрэгтэй. Эрүүл мэндэд ч тустай. Илүү ч сонирхолтой миний хувьд. 

За даа, одоо ч ойрын зорилтууд гэхэд болох байх аа. Энэ хэдийгээ одоо нэгдсэн төлөвлөгөө болгоод хэрэгжүүлэх "чарт" аа гаргачихвал болох нь тэр дээ. 

Өөртөө нэг сайхан амжилт хүсчихье. АМЖИЛТ! :)

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан