Амьдрал гэдэг чинь сайхан...

Аргаа ядсан
Амьдралын нугачаан дунд
Алдан эндэн тэмтчиж яваа
Алдрай аавын хүү, ээжийн охинд
Атгахан зүрхнээсээ урсан гарах
Арван хэдэн мөртөө
Айлтган өргөж байна...
Амьдрал гэдгийг би дуустал нь үзээгүй ээ
Алтан замын дунд нь орох л гэж
Арав алхлан урагшилж
Ард үлдсэн мөрөө эргүүлэн нэг харсаар
Арван хэдтэй үе минь аль хэдийн өнгөрч
Алдаж онохын дэнсэн дээр
Хорин насыг үзэж явна аа.
Холын хол тэмүүлэх
Хүсэл эрмэлзлийн хүчээр
Харсан зүгтээ биш
Хүссэн чигтээ зүтгэсээр
Хорин хэдэн нас минь дундарч байна аа.
Алдаж болно оо, хорь л юм чинь
Асгарч болно оо, нулимс л юм чинь
Аадарт цохиулан унаж ч болно, хүн юм чинь
Алдар нэртээ цуурсаж ч болно, залуу л юм чинь...

Амьдралыг тэмтчих гар байвал
Алхаж унаад босоод ирэх хөл байвал
Алсыг ширтэн хүслээ шивнэх хараа байвал
Алдхан бие чинь тэр чигээрээ бүтэн байвал
Чи баян хүн
Чи үүгээрээ юуг ч худалдан авч чадах
Чинээлэг баян, залуу хүн!

Биеээ бүтэн байгаад
Бурханд чи таларх
Биесээ түшиж аваад
Бурууг чи арчин хая
Зөв амьдар
Зөрлөг дээр бүү саат
Амьдрал гэдэг чинь сайхан
Амтлаад тамшаалаад үз
Зөвхөн өөрөөрөө бай
Зөн совингоо бүү хая
Амьдрал гэдэг чинь утга учиртай
Алсын алсад чи заавал хүрэх учиртай !


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан