Гурван үг

"Бүх зүйл тэгш байна гэж байхгүй шүү дээ, Заяа минь..."
гэж бэргэн эгчийн хэлсэн үг намайг хэдэн цагийн туршид бодолд автууладах лаа. Магадгүй, би өнөөдрийг хүртэл бүхнийг тэгшхэн байлгах гэж хичээсээр хичээсээр далийх замдаа сэтгэлээр тэгж их унадаг байх. Магадгүй зарим зүйлийг далийсан чигээр нь үлдээгээд, "Болох ёстой зүйл болдгоороо" гэж хэлэх хэрэгтэй байх байсан байх... Заавал миний зурсан тэр тэгшхэн замаар алхах надад өөрт минь ямар их хүнд ачаа, түүндээ хэчнээн олон удаа түүртэж, бүдэрч яваагаа өөрөө ч мэдээгүй явсан байх. Тиймээс, бүх зүйл тэгш, яг миний хүссэнээр болдоггүй гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрөх ёстой.

Үүний араас нэгэн дууны үг бас л чихийг минь уячихав.

"Тэмүүлнэ аз жаргал өөд
Тэнд л заавал хүрнэ гэж мөрөөдөөд
Тэвчээрийг минь амьдрал шалгана....."
Тийм ээ, би үнэндээ аз жаргал өөд л тэмүүлж яваа нэгэн. Түүндээ л хүрэх гэж өнөөдрийг хүртэл хичээж, зүтгэж яваа бус уу. Гэвч, уулын өөд дэндүү их хад асга, чулуутай. Тэр болгоныг нь сэтгэл, хүчээрээ даван туулах гэсээр амьдрал үнэндээ л миний тэвчээрийн хязгаарыг шалгаж байгаа, мэдэж байгаа. Тэгэхдээ, үнэхээр үнэн юм аа, тэр дээрхи л аз жаргалд би амьдралаараа шунаж, тэмүүлж яваа. Хамгийн гол нь надад хангалттай их тэвчээр байх ёстой. Амьдрал хэчнээн их миний тэвчээрийг барж, намайг өдсөн ч би хэзээ ч, магадгүй ХЭЗЭЭ Ч бууж өгөх ёсгүй. Хэзээ л би сая нэг бууж өгнө гээч? Аз жаргалын оргилд хүрчихээд миний халааг хэн нэгэн авах зөвхөн тэр л үед!

"Ухаалаг хүнд ч гэсэн өөрийн алдаа байгаа
Үзсэн харсан сурсан зүйл оноо алдаатайгаа..."
Алдахгүй явна гэдэг чинь л тэгшхэн замаар зүтгэх гээд байгаа шунаг зан биз. Чухам алдсандаа л өөртөө зэвүү дургүй хүрч, өөрийгөө уучилах гэж нэлээд юм болно. Алдаа гаргачихаараа бусдыг гэхээсээ илүү өөрийгөө уучилах ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг нэг ойлгож авах шиг л болдог. Өрөөл хүн алдчихаад миний амьдралд саараар нөлөөлөөд байхад нэг их тоодоггүй мөртлөө өөрөө л алдчихвал дэлхий  сүйрч байгаа мэт өөрийгөө зүхэж, хамаг байдгаараа нулимсандаа л хий дэмий өөрийгөө дэвтээнэ. 

Дээрхи гурван үгсийг дэмий л сонсоогүй байлтай. Надад ухаарлын дусал нэмж буй заа...

Үнэндээ би зөндөө алдсан. Би бусдын хардаг шиг нэг л их тэнгэрийн мэт тийм хүн биш шүү дээ. Би ч гэсэн алдаа гаргадаг, баллуурдаж боломгүй "өнгөрсөн"-г сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явдаг, шаналдаг хүн зүрхтэй бие амьтан. 

Алдаа намайг улам хурцлах ёстой атал, алдсандаа өөртөө дэндүү ихээр шаналж, улам л сул дорой, арчаагүй нэгэн болж хувирах нь элбэг. Би тийм л хүн. Алдаагаа хэн нэгэнд тохохыг эрмэлздэггүй. Алдсан алдаагаа сөхөж хэзээ ч бас харахыг, бодохыг хүсдэггүй. Намайг нулимсан дунд минь живүүлэх шахдаг учраас тэр далайн эргээр би хэзээ ч зугаалахыг хүсдэггүй. 

Яг одоо нэлээд хэдэн алдааны ард гарчихаад өөрийгөө зэмлэхүйн хязгаарт ирчихээд байна. Сэтгэл минь дэндүү их шаналж, ганцхан цаг хугацааг л ухрааж л болдогсон бол гэж горьдлогын сэтгэлээр өглөө нүдээ нээж, үдэш нь нүдээ аньж байна.

Алдсан бүхний араас надад өглөө нүдээ нээмээргүй санагддаг. Эсвэл юу ч бодохгүй, юуг ч мэдрэхгүй тийм мөсөн зүрх сэтгэлтэй болчих юмсан гэж бодогддог. 

Өөр хэнийх ч биш, зөвхөн миний л алдаа гэж бодох бүрт зүрхээ би зүсмээр санагддаг. Хэнтэй ч хэдэн ч үг солимооргүй, хэнийг ч орон зайндаа оруулмааргүй, хүлээн зөвшөөрмөөргүй. 

ЗҮГЭЭР Л БИ БУРХАН ГЭЖ ХЭРЭВ БАЙДАГ БОЛ "БУРХАН"-ТАЙ Л ЯРИЛЦАХЫГ ХҮСДЭГ. НАМАЙГ ҮНЭХЭЭР Л СОНСДОГ БОЛ БИ ЗӨВХӨН ТҮҮНТЭЙ Л ЯРИЛЦМААР БАЙНА.

Өөрийгөө ажаад байх нь ээ, хүн гэдэг амьтан гэдэг дэндүү их сэтгэлийн тэнхээтэй, дэндүү хүчтэй амьтан юм. Түүний оюун ухаан, хүч, сэтгэлийг би биширч байна өө. Дотор минь халуу шатаж, өндөр оргил дээрээс чангаас чанга орилж, хашгармаар байгаа ч ганцхан дотроо л хашгарч чаддаг, хэн нэгэнд өөрийгөө нээж, ярилцмаар байгаа ч хэнд ч итгэж үл чаддаг болохоороо тэдэн лүү хараад зүгээр л "Би зүгээр ээ" гэж хэлээд инээмсэглэдэг агуу юм. 

Хүн алхам тутамдаа бодох хэрэгтэй. Бодолдоо эзэн байж, бор зүрхэндээ хүн нь байх ёстой.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes