"Хэзээ нэгэн цагт чамд очих захидал"

Сайн байна уу
Сэтгэлийг минь нэгэн үед булааж явсан
Сайхан залуу чамд энэ өдрийн мэндийг
Сартайд бичиж суусан эл захиагаар хүргэе
Хэзээ чиний гар энэ дугтуйг нээж
Хэврэгхэн бас нандин сэтгэлийн үгсийг минь
Унших бол би мэдэхгүй юм
Учир нь энэ бол "хэзээ нэгэн цагт" очих захиа юм
Магадгүй энэ цаас чамд хийсч очихдоо
Мөнх хайрын ерөөл болон очих байх
Миний чамд байгаагүй орон зайг нөхсөн
Мөрөөдлийн тэр бүсгүйд чинь аз жаргал хүсэх байх
Хэзээ нэг өдөр дурсаж намайг санавал
Хайрт чамдаа захиж нэгийг хэлэх гэсэн юм
Хүн мартдаггүй гэнэ лээ хайрласан л бол
Түүн шиг намайг битгий мартаарай
Хун жаргадаггүй гэнэ лээ хагацсан л бол
Түүн шиг ахиж битгий хагацаарай
Хэзээ нэг өдөр
Хажуугаар чинь би зөрөн өнгөрвөл
Хувь тавилан гэж бүү андуураарай
Хуурамч зөрлөг л байх вий
Хэзээ нэг өдөр
Хамтдаа байснаа эргэн нэг дурсвал
Хайртынхаа харцнаас холхон байгаарай
Хүний охины сэтгэл эмзэглэх вий
Гагцхүү,
Чамайг нэгнийг аргадаж байхад
Миний тавилан чамаар дутах вий
Чамайг үүрд надаас холдож байхад
Миний зүрх чамтай үүрд одох вий гэж айсандаа
Сэтгэл минь тавгүй байна одоо
Сэрээд чамайг хайгаад байна орондоо
Санаад байна гээд гүйгээд очмоор
Салахгүй гээд чангахан тэврээд авмаар...
Байгаа ч, би чамайг явуулах ёстой
Буцааж болохгүй цаг хугацааг би дагах ёстой
Биш ч, би өөр нэгнийг сонгох ёстой
Битүүхэндээ чамайг үргэлж бас бодох ёстой
Хэзээ нэгэн цагт
Хайртай гэж хэлэхийг минь хүсвэл
Хаалганы чинь үүдэнд хийсч ирсэн
Хаяггүй энэ захиаг минь олж уншаарай...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан