"Амьдрал..."

Таны амьдрал ямар вэ? гэж асуувал
Тааж хэлж би чадахгүй ээ
Та харин амьдралдаа хайртай юу гэж асуувал
Таны төсөөлж чадахгүйгээр их хайртай гэнэ ээ би

Заримдаа энэ хорвоод яах гэж төрснөө
Зай завсаргүй үргэлжлэн бодож суудаг
Зүсээ ч бууралтаагүй байхад
Зөндөө зүйлд санаа минь зовж суудаг аа

Хааяа амьдрал үнэхээр утгагүй мэт санагддаг
Хаяж одсон нэгний араас тэгж би шаналдаг
Харин амьдралыг амтлаад ирэхийн цагт
Хачин их амттайг би ойлгодог оо

Туулж үзээгүй ч гэлээ
Тулга тойрсон өлсгөлөн амьдралыг би төсөөлж байна
Дасаж үзээгүй ч гэлээ
Даарч хөрсөн хүйтэн амьдралыг би мэдэрч байна
Амьдралын мөн чанарыг мэдэхийн тулд
Амьд биеэрээ мэдрэх албагүй ээ
Аяндаа л хаалгыг чинь тогшоод ирдэг
Амьдралын хяслан ойрхон байдаг юм байна

Хяслаа гээд би ямар буцах биш дээ
Хаашаа хүрмээр байна түүндээ би тэмүүлнэ
Хамаагүй гэлгүй миний л амьдрал учраас
Хайртай гэдгээ түүндээ би харуулна

Тиймээс надад өнөөдөр
Тийм нэг сайхан амьдрал бий
Түүндээ би юунаас ч илүү хайртай
Түүндээ би юм бүхнээ зориулах учиртай

Амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүй дотор
Алинд нь оршихыг мэдэхгүй төөрөн байж
Амьдралыг бүү төвөгшөө
Анх хаана зогссон түүнээсээ нэг алхам урагшла

Өнгөрсөнд та нэгнийг алдавч
Өнөөдөр та хоёрыг олохын тулд амьдар
Энэ өдөр та өндөрт ниссэн ч
Эргээд унахаа мартахгүй амьдар...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан