"Нэг их сайхан хүнтэй таарч, нэлээд ихийг хөөрж, ярилцсансан."

Хүн гэдэг заримдаа яг юу хүсэж, өөрт нь чухам юу хэрэгтэй байгааг анзааралгүй явж байдаг эсвэл тэрхүү хэрэгцээгээ, тэр хүслээ зөвхөн "эд" гэж боддог сонин амьтан. Би гэхэд л өдөрт олон хүнтэй элдвийг ярьж хуучлаад л, ам завгүй сэтгэл зайгүй байдаг ч  тэр нэгэн үеэс хойш тэргэл сартай хүртэл хуучилмаар санагдах болж.

"Нэг их сайхан хүнтэй таарч, нэлээд ихийг хөөрж, ярилцсансан."  

Хүнтэй ярилцах нь ер нь аягүй гоё оо. Ялангуяа тэр хүн чинь чамайг өгүүлбэрээ гүйцээж ч амжаагүй байхад аль хэдийн санаа нийлчихсэн сонсож байдаг бол энэ бол та хоёр хүний хоорондын харилцааны хамгийн төгс хэлбэр, дээд цэг юм. Яахав өдөр тутмын амьдралдаа өч, төчнөөн л зүйлийн талаар хүмүүстэй ярьж байдаг нь бараг л "ам"-тай бүхний хийдэг зүйл юм уу даа. Харин юун талаар, ямар сэдвийг хөндөн ярьж байна вэ? гэдэг бас л өнөөх 2 харилцагч хүний бие биенээ хэрхэн ойлгож байгаагаас шууд хамаарна. Юу гэх гээд байна вэ гэхээр ярилцах гэж байгаа сэдэв хүртэл цаанаа л ондоо. Энгийн сэдвийг ч өвөрмөцөөр ойлголцож, ярилцах нэг тийм харилцааны орчин гэх үү дээ.
Би ер нь их ганцаардана шүү. Заримдаа албаар өөрийгөө ганцаардлын тойрогт оруулах нь ч бий. Учир нь санаа нийлэхгүй, өөрийг минь ойлгохгүй байгаа хүмүүсийн дунд төөрсөн ишиг шиг явснаас гав ганцаархнаа өөрийгөө харж, сонсож, өөртэйгөө ярилцах нь хамаагүй илүү дээр юм шиг санагддаг юм. Сая сая хүмүүсийн хуурамч инээмсэглэлээр өөрийгөө чимсэнээс орчлонд цор орших "миний" л гэх гунигтай ч гэсэн сэтгэлээрээ чимсэн нь илүү байдаг болов уу. Өөрийг минь маш сайн танихгүй ч, ойлгодог, сонсохыг эрмэлзэж байгаа, амнаас биш сэтгэлээс минь гарах үгсийг чин хүслээр чагнаж байдаг "хүн"-тэй ярилцана гэдэг л өнөө надад хэрэгтэй, миний хүсч, хүлээж байсан эдийн бус зүрх сэтгэлийн зүйл минь юм шиг байгаа юм.

Нэг л гоё оо... Ярилцана гэдэг....

Хүн чамтай хэрхэн ярилцаж байгаагаас чи тэр хүнийг өөрт чинь хэрхэн ханддаг вэ гэдгийг ажиглаж болно. Зүгээр л сайхан ярилцах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Хэрэв ярилцах гэхдээ нэг л болж өгөхгүй, цаанаасаа өөрийгөө хүчлээд ч байгаа юм шиг, тэр хүн чинь чамайг сонсож байгаа мэт дүр үзүүлж байгаа ч үгүй гэдгийг чи өөрөө мэдэж, мэдэрч байвал та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй, болохгүй гэсэн үг.
Ингээд бодохоор өрөөл хүн чамайг ойлгож чадаж байна, энэ их сая сая хүмүүс дунд чамайг ойлгож байгаа тийм хүн "оршиж" гэмээнэ энэ л чухамдаа гайхамшиг юм шиг.

Юм бүхэн энгийн зүйлээс л эхэлдэг....

Бичсэн:

Admin

Comments

  1. Би тэр гайхамшигаа тааралдахыг хүлээж байгаа юм байна :)

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, удахгүй таарна гэж найдаж байна :)

      Delete
  2. Ярилцахын сайхныг бараг мартсан байж. Өнөөдөр нэг сайхан яриа өгнүүлье.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан