Ганцаардал бол миний айдас биш харин эрх чөлөө...."

Магадгүй... Магадгүй Та энэ нийтлэлийн маань гарчигийг нь уншаад л "Ээ хөөрхий дөө, зайлуул их л ганцаардмал юм байгаан" гэж бодож байж болох юм. Энэ нь ч худлаа биш үнэн. Гэхдээ ганцаарддаггүй, ганцаараа байх дургүй хүмүүсийн тоо тийм ч бага биш болов уу. Хамгийн их эмзэглэж байгаа зүйл гэвэл өнөөгийн бидний амьдралын хэв маяг, байх орчин биднийг ганц ганцаар минь нэг нэг буланд шахаж байгаа юм шиг... Улам ихээр ганцаардуулж байна. Нөгөө талаар энэ нь хүн "би гэж чухам хэн бэ?" "би яагаад байна вэ?" "би юу хийх ёстой вэ?" гэх асуултуудын хариултыг олоход туслах л байх...

Ганцаардал гэдэг бол хоёр хүн хамтдаа байж байгаад нэг нь хаяад нөгөө нь үлдэж хоцроод ганц ганцаараа үлдэж байгааг хэлэхгүй. Ганцаардана гэдэг бол хүн сэтгэл зүрхний орон зайгаа бусдаас тусгаар болгож, чөлөөлж, түүндээ аливаа зүйлийг, аливаа нөхцөл байдалд арай өөр өнцгөөс дүн шинжилгээ өгч, өөрөөр харахыг хэлдэг болов уу. Энгийн л нэг жишээ дурьдахад, нэг шийдвэр гаргалтанд та найзтайгаа, хайрттайгаа, ээж, аавтайгаа байхдаа нэг шийд гаргана, гэхдээ надад итгээрэй, ганцаараа байсан бол тэс өөр шийдвэр гаргана. Энэ бол ганцаараа байхын хүч. Хэрэв түүнийг зөв л ашиглаж чадвал шүү дээ. Юу гэх гээд байна вэ гэхээр, өнөөгийн нийгэм, бидний амьдарч байгаа орчин биднийг "хийсвэр", "үр ашиггүй", "хэт өөртөө итгэсэн" нэг тийм дэмий ч юм шиг, хуурамч ганцаардал руу хөтлөөд байх шиг... Энэ нь бас яг ч шууд утгаараа өрөөндөө ганцаараа байхыг хэлэхгүй байгаа юм. Харин ч эсрэгээрээ, олон нийт дунд, бүр найзуудынхаа дунд, тэр ч бүү хэл нөгөө зүрх сэтгэлээ сугалан байж, зориулан байж хайрладаг "хайрт"-ынхаа ДЭРГЭД нь л байж байж л чиний уг чин сэтгэл нэг л тийм хоосон, эзгүй, ГАНЦААРАА байгаа юм шиг тийм мэдрэмжийг авахыг л би хэлэх гээд байна л даа.

Учир нь өнөөдөр хүмүүс хэт хий хоосон, дэмий зүйлийн араас их хөөцөлддөг болсон. Тэдний аливаа юмны мөн чанар байтугай, хүн чанарын талаархи мэдлэг дэндүү нимгэрсэн. Тэд гаднахаа зузаалсаар, доторхоо улам нимгэлж байна. Дэндүү олон төрлийн хэв маяг, хэтэрхий сонин хачин үзэгдлүүд, бүр хүнд байж боломгүй гэмээр тийм жигтэй зүйлүүд. "Мууг дагавал могойн хорлол" гэдэг шиг хэтэрхий хөгжих гэж ядсан өнөөгийн хүн төрөлхтөн.

Тиймээс, би ийм "аймшигтай" ганцаардалд автахгүйн тулд уг мөн чанартаа ганцаарддаг шигээ өнөөдрийг хүртэл өөрөөрөө ганцаардсаар ирсэн. Энэ нь ч надад ашигтай бас хэрэгтэй байдаг. Та магадгүй мэдэхгүй байх. Ганцаараа байхдаа та бараг бүхнийг хийх, бодох, тунгаах, төлөвлөх тийм гайхамшигтай чадвартай. Хүн тус бүрт нь өөр өөрийн тархи, оюун ухаан заяасан нь үүнтэй ч холбоотой. Өөрөөрөө, ганцаараа байхдаа ганцхан байдаг тэр л зүйлийг сэтгэг гэж...

Гайхалтай биш гэж үү? Та ганцаараа байна гэдэг зүгээр л хаана ч, хэнтэй ч, яаж ч байсан ямар ч нөхцөл байдалд танд байж болох тийм "эрх чөлөө" гэж бодохоор? Бусдын хэрэгтэй хэрэггүй, болсон болоогүй зүйлийг сонсож, тархиныхаа нэг хэсгийг ч гэсэн ялзруулж байхаар өөрийгөө сонсож, илүү ихийг олж нээх болно. Нэмж хэлэхэд, та ганцаардлаас айдаг бол, хэзээ ч битгий айгаарай. Айсан бүхэн танд дайсан авчирдаг. Ганцаардалтайгаа нүүр тулаад үз. Түүнийг аймар зүйл гэж бодохгүй, итгэхгүйгээр.. надад байх "миний" шинж чанар.. Энэ бол миний эелдэг даруу, хөгжилтэй, үнэнч шударга гээд зан чанаруудын адил бас л нэгэн ЗАН ЧАНАР, надад байх ёстой миний төрөлх зан гэж хүлээж ав. Ингэснээр та хуурамч ганцаардлаас хол, өөрөөрөө ганцаардаж, илүү өгөөжтэй ганцаардлыг амсах болно.

Намайг зожиг, ганцаардмал гэж "хаяглах" хүмүүс олонтаа байсан. Гэтэл надад тэд нараас илүүтэйгээр ганцаардал минь илүү хэрэгтэй байсан тул би тэднийг үл тоож харин ганцаардлаа авч үлдсэн юм. Зүгээр л энгийнээр хэлэхэд, зарим нэг нь намайг орхиж одож байхад, зарим нэг нь намайг гомдоож, тунирхлын нулимс унагаж байхад, зарим нэг нь намайг хараан зүхэж байхад, зарим нэг нь надад дургүйлхэж байхад, зарим нэг нь надруу хараад худлаа инээмсэглэж, цаанаа надад атаа жөтөөрхөж байхад, намайг амьдралд шантрах гээд сөхрөхийн даваан дээр нулимс унагаж байхад тэр бүхэнд маань ГАНЦААРДАЛ маань биет хүмүүсээс ч илүү хийсвэр зүйл мөртлөө миний дэргэд өдийг хүртэл, ухаан орж, ул суурийг ойлгосон цагаас минь эхлэн ХАМТ л, дэргэд минь л байсаар ирсэн. Цаашдаа ч байх болохоор би талархдаг юм.

Дэргэд чинь хэн ч үгүй, яахаа ч мэдэхгүй, хорвоод орь ганцаараа үлдсэн юм шиг тэр мэдрэмжийг "ганцаардал минь надтай хамт байна" гэдэг сэтгэлийн философоор сольж бодож сурах хэрэгтэй.

Хүмүүсийн эргэн тойронд байхыг чухалчлан үзэж, ганцаардлыг зүгээр л хааяа дэргэд чинь хүн үгүй бол л гарч ирдэг гэж дутуу үнэлэх хэрэггүй ээ. Харин ч хамт олон, найз нөхөдтэй байна гэдгийг ганцаараа байхын зэрэгцээ танд байх ёстой хачир гэж ойлгох нь чухал. Хачиртай хоол мэдээж амттай. Гэхдээ хачиргүй ч гэсэн хоолыг та иддэг л биз дээ :)


"Ганцаардал бол миний айдас биш харин эрх чөлөө...." - Заяа, 2014-05-30, 12:07AM

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан