Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь

Эргээд харахад хүний амьдрал их сонин. Чиний инээсэн, уйлсан өдөр хоногоор дүүрэн өнгөрсөн байдаг. Нэг л мэдэхэд чи эргэж харна, инээмсэглэнэ, бодлогоширно. Юун дээр алдаж, юун дээр оносноо ахин дахин тунгаана. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд гэж үг байдаг даа. Гэхдээ үүнийг бичихдээ би энэ үгнээс жаахан хазайчихъя. Учир нь, цаашид бага алдаж, их зүйлийг онохын тулд шүү дээ. Нэмж хэлэхэд, "өнгөрсөн" гэдэг зүйлийг хүмүүс зөвхөн "гэрэлт зураг" - аар битгий төсөөлөөсэй. Хэтэвчиндээ хийгээд аваад явдаг гялгар цаас биш байгаасай...

2013 он миний хувьд адал явдал, амжилт бүтээл, уйтгар гунигаар дүүрэн байсан. Бүтэн гурван зуун жаран хоногийн туршид миний хийж бүтээсэн зүйл тийм ч их бас агуу байгаагүй ч, өөрийнхөө чадал чинээгээрээ хичээсэн гэж бодож байна.

Бас гэхдээ их хатуу юм билээ. Чамд нэг их гоё, хүссэн зүйлийг чинь өгөх боломж олгоно, гэхдээ түүнийхээ хирээр чамд байсан, чиний хүсэж байсан зүйлийг чинь эргүүлээд авчихна. Их нарийн юм шүү, ингээд бодохоор. Тэгэхээр хүн зүгээр л нэг машиныхаа банкыг шатахуунаар дүүргэчихдэг шиг жаргалаар дүүрэн явж болохгүй байх нь. Магадгүй үүнийг жаргал зовлонгийн тэнцэл гэх байх. Магадгүй би л ганцаараа бүгдийг авчихвал, энэ амьдрал шударга бус болох байх. Тиймээс энэ бүхэнтэй эвлэрэх нь хэрэгтэйг би хэдийн ойлгосон. Бүхэл бүтэн "Амьдрал" надад байна шүү дээ гэж бодохоор магадгүй миний алдсан тэр бүхэн юу ч биш биз.

Би жирийн л нэг бакалаврын зэрэгтэй Монгол оюутан байсан. Харин 2013 он намайг хэн хэнээс ч илүү, онцгой "Америк" магистр болгосон. Шал өөр орчин, шал өөр хүмүүс, шал өөр үзэл бодол... Тэр л газар... Хүүхэд байхдаа гудамжаар нь алхалж яваагаа өдөр шөнөгүй зүүдэлж, мөрөөдөн очихыг, сурахыг, амьдрахыг хүсдэг байсан тэр л газарт би хөл тавьж чадсан. Миний боловсрол, хүн чанар, найз нөхдийн хүрээлэл, амьдралын үзэл бодол, ганцаараа байхдаа бодох бодлогоширол маань хүртэл өөрчлөгдсөн. Ганцхан гадаад төрх минь л өөрчлөгдөөгүй байх. Энэ нэг их хамаагүй л дээ. Хүн дотоод сэтгэлээрээ л өөрчлөгдөж байвал би түүнийг хүн "хөгжиж" байна гэж бодном. 

Хэзээ ч мартаж "чадахгүй" миний нэг амьдралын нэг жил. Хэзээ ч мартаж чадахгүй эелдэг, найрсаг, найз нөхөд. Хэзээ ч мартаж чадахгүй, сэтгэлд минь хоногшсон далайн давалгаан чимээ, шөнийн давалгаанд туссан сарны тунгалаг гэрэл, хэзээ ч бодол санаанаасаа авч үл чадам тэр л сонин хачин үзэгдлүүд... Гол нь шал "өөр" амьдрал...




Миний сурч, ойлгож, ухаарч авсан зүйлүүд:

1. Боловсрол мэдлэг гэдэг ганцхан онол, теором дээр тогтдоггүй
2. Хамт олонтой байна гэдэг амжилтын эх үндэс.
3. Зөв хүнээ олж найзална гэдэг өвсөн дотроос зүү хайхтай адил ч, олсон цагт чиний сэтгэл нэг их сайхан уужирах болно.
4. Хүнийг ялгаж харицна гэдэг чи ижий, аав хоёрыгоо ялгахтай адил.
5. Ахмад хүмүүстэй хамт ажиллана гэдэг цөлийн рашаанаас дуслыг олж амсахтай адил.
6. Аливаа зүйлд эмх цэгц, дэс дараа байна гэдэг бас л чиний амжилтын үндэс.
7. Багаар ажиллана гэдэг чамайг ирээдүйд "УДИРДАГЧ" болгоно. 
8. Юу хүссэн, юу хэлмээр байгаагаа илэн далангүй бусдын өмнө илэрхийлнэ гэдэг яг л халууцаж байгаад ноосон цамцаа тайлаад сэтгэл амрахтай адил.
9. Чамд, энэ амьдралд асар их боломж бололцоо байдаг, ашиглаж л чадвал бүгд чинийх
10. Бүхнийг өөрөөр сэтгэ. Хайрцагнаасаа бүрмөсөн гар.
11. Өрсөлдөөн чамайг зүгээр л ялагч болгоно. Хичээ.
12. Зоригтой бай. Одоо зүгээр л нэг "жулдрай" байх цаг бол яагаад ч биш.
13. Чи бол царайлаг, гоо үзэсгэлэнтэй. Үүнтэй хэн ч маргах ёсгүй гэдгийг бүү март.
14. Өөрийгөө дайны талбарт гарсан цэрэг гэж бод. Харин "өөртөө итгэх итгэл" бол чиний бамбай бас сэлэм.
15. Эелдэг, найрсаг зан чанар чамайг хэзээ ч муу зүйлд хүргэхгүй.

(Үргэлжлэл бий...)

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes