Posts

Showing posts from 2017

Миний тэнэгийг надтай хамт хайрлаарай

Үдшийн гэгээг Үүрийн туяа гэж эндүүрч Үнэнч хайраа Үүрдийн мөнх гэж итгэдэг Өчүүхэн энэ тэнэгийг минь Өөртэй минь хамт хайрлаарай Цагаан болгоныг Цайлган юм шиг санаж Цэл залуу насандаа Цэрвэж доргихдоо алдсан Гэнэн энэ тэнэгийг минь Гэзгэн гоотой минь хамт хайрлаарай Харсан бүхэндээ Хамаагүй хүрэх гэсэн шуналтай Хайрлуулсан болгоноо Хүйтэн сэтгэлээр үдэж явуулсан Хатуу энэ тэнэглэлийг минь Харсан ч анзаараагүй мэт өнгөрөөрэй Зөвхөн байгаагаар минь хайрлаж Зөв бурууг наддаа тэнцүүлж Зүг зүгийн хязгаарт хамтдаа хүрэх гэсэн Зөрүүдхэн тэнэглэлийг минь хайрлах уу Зөвхөн өөрийг чинь хайрлах гэж Зөнт орчлонд энэ биеийг олсон юм шиг Зөрлөг бүрт саатан зогсохдоо Зөвхөн өөрийг чинь л хүлээсэн юм шиг Зүүд шиг энэ тэнэглэлийг минь Зөвхөн миний төлөө хайрлах уу Тэгж чадна гэвэл Тээнэгэлзэх юмгүй чамайг би хайрлая

Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Аавын жаалхан охин Амьдрал үзэж, ихийг туулж явна аа Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг... Алдаж оновч дэргэд тань сөхөрч Амжиж хүрэвч дэргэд тань өндийж Хагдарч унасан ч хажууд тань хатаж Хайлан жаргавч хажууд тань налайж Амьдрахыг хүсч байна, Аав аа... Ойртохын хэрээр холддог орчлонд Оройттол надаасаа бүү холдоорой Огтоос хүнгүй үлддэг хорвоод Ододруу яарч бүү тэмүүлээрэй Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг Өнөөдөр инээж дуулж байгаагаа Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ Хатуу харгис мэт амьдралыг Хааяа Та минь зөөллөдөг болохоор Хадган гэрт хүрлээ ч Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ!

Цэг

Цэг тавихад Цэнхэр бэхээ соруулах л үлдлээ Сүүлийнх нь гэхэд Сэтгэлээ чангалах л үлдлээ... Насан туршийнх гэж мөрөөдөж эхэлсэн хайр Нэг л өдөр гэнэтхэн эхэлсэн дурлал Намайг бусдаас өөрөөр гэж итгэсэн сэтгэл Нартад ганцхан даа гэж найдсан цор ганц хүн... Харцанд чинь бусдыг биш өөрийгөө олж харсан болохоор Хагацашгүй хайрын түүхийг бичиж эхлэхээр зориглосон Хайранд чинь итгэж өөрийгөө мартсан болохоор Хэзээ ч орхиж явахгүй чамд би итгэхээр шийдсэн Намайг хараад инээмсэглэх чинь Намрын навчисын гэрэлтэх лугаа адил гэгээлэг Надтай хамт байх төрх байдал чинь Насаараа дэргэд байх шиг тийм амгалан Хэлэх үгсэнд чинь яг л яруу найраг шиг автсан Хийх үйлдэл бүрийг чинь яг л өөрийн юм шиг санасан Дэргэд чинь байхдаа би өнгөрсөндөө тарчилдаггүй Дэрлээд хэвтэж байхдаа би ирээдүйдээ дүүлэн нисдэггүй Догдлох сэтгэлээ зөвхөн одоодоо л даатгаж Дотно сэтгэлээ зөвхөн чамд л нээсэн

Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй

Би өнөөдөр 27 настай. Бусдыг хайрлаж, хайрлуулж, итгэж найдах сэтгэл зүрхтэй нэгэн. Холын хол хүрэх ёстой зорилго тээсэн хэрэндээ л тэсвэр тэвчээртээ баригдаж, гуниж гутрах үедээ гутарч, харамсаж харуусах үедээ шаналж, баярлаж хөөрөх үедээ догдолж үсэрч дэвхцэн явсан өнгөрсөнтэй хүн би. Элэг бүтэн эцэг эх, эрүүл саруул бие хаа, газар дээр ганц ах, ганхаж нөхөрлөсөн найзууд надад цөм бий. Бүгд бий. Гэхдээ би: Өнөөдрийнх шиг ингэж Өнгөрсөнөө зүхэж үзсэнгүй Өнөөдрийнх шиг Өөртөө гутарч, шантарч зүрхэлсэнгүй Өнөөдрийнх шиг ингэтлээ Өр зүрхээ шимшрүүлж байсангүй Амьдрал чи ямар хатуу юм бэ гэж Аяархан ч болов шивнэж байсангүй ээ... Хорвоод би ганцхан Амар амгалан, тайваныг л хүссэн Хорвоод би зөвхөн Ачийг нь хариулах итгэлд л найдсан Орчлонд би гагцхүү Омог бардам хүчинд л эрдсэн Оддын дор зогсоод Он удаан жилийн хайрыг л мөрөөдсөн Хаа байна тэр залуу насны омогшил? Хэн байна тэр насан туршийн хайр? Бүгд худлаа Бүгд хуурамч гэдгийг мэдсээр байж Энэ л удаа гэж өөрийгө

Хайрлах зүйл үлдсэнгүй дээ...!

Үнэндээ хайрлах зүйл үлдсэнгүй ээ Үгүй дээ л дүрийг чинь ч мартчихаж Үхэж сэхсэн зүрх сэтгэл минь Үнс ч үлдээгээгүй шатаачихсан бололтой Цаг хугацаа өнгөрөх тусам Цантсан цонхны цаанаас улам бүдгэрч Чамайг гэх дурсамж надад үлдсэнгүй Цэлхэн залуу насаа элээх тусам Зүүдний совингоос минь улам арилж Зүрх сэтгэлд гэх орон зай үлдсэнгүй Чамайг нартад байгааг дуулбал Чин сэтгэлд минь пад гэж үгүй Чи гэж хүн байдгийг мэдвэл Чамайг гэх сонин надад үгүй Үнэндээ чамд хайртай гэж юусан билээ Үхтэл шаналсан сэтгэл минь гэж үү Үнэндээ чи бид хоёр гэж хэнсэн билээ Үггүй-хэлгүй бас сэтгэлгүй хүн гэж үү Нэгэнт л мартаж болохгүй дурсамжийг Нартад аль сайхнаар нь дурсмаар байна Нэхэж сэтгэлийг минь олон удаа бүү тавлаач Нэг ч удаа надтай битгий таараач Чамайг хайрлах бүү хэл Чихэндээ хоолойг чинь сонсох хүсэл үгүй Чамайг санах бүү хэл Чимээгүй алгасмаар байна тэр л он жилүүдийг... Хэн хэндээ аз жаргалыг хүсээд Хээвнэг зөрж амьдаръя Хайрлах зүйл

Бороонд нуугдсан нулимстай тэр шөнийг хэзээ ч мартахгүй

Инээж байсан, чамд хайртайгаа хэлэхдээ Итгэж байсан, чамаас түрхэн холдохдоо Ичингүйрч байсан, чамд би тэмүүлэхдээ Эндүүрч байсан гэхдээ чиний хайрыг... Хэдэн зууныг ч давахаар  Хүчтэй гэж бодож явсан бидний хайрыг Хэр холдлоо ч  Хэмхрэхгүй гэж санасан бидний сэтгэлийг Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Царайг минь хүртэл мартаж байсныг Хоорондох зай холдохын хэрээр Хайрыг минь үгүйрүүлж байсныг  Би мэдээгүй, мэдрээгүй... Ямар их хайртай байснаа Яасан их санаж үгүйлсэнээ  Яагаад ингэж их удсанаа Яаран чамд хэлэхийг л хүссэн юм Яагаад гэж чамайг зовоохгүй байсан Ядаж ганцхан удаа гээд гуйх байсан Яачив гэж шалгаахгүй байсан Яалт ч үгүй өмнө чинь сөхрөх байсан... Харин би тэр шөнийг мартаагүй Хатуу боловч үнэн сэтгэлийг чинь уучлаагүй Нэг ч үг хэлэлгүй байх чинь Нэвт зүрхийг минь зүсэж байсан Нэг ч нүдээрээ харахыг хүсээгүй чинь Намайг тэнд үхүүлж байсан Бороонд нууж унагасан Бүлээхэн нулимстай тэр шөнийг Би хэзээ ч мартахгүй Би

Амаргүй өнгөрсөн арван хэдэн жил минь...

Тийм ээ, арван нас л дөхөж байсан байх Тэнгэр холдож, газар нь хатуудаж байсан үе... Хорвоог дөнгөж таниж эхэлсэн үе минь Хатуу ч гэлээ жаргалтай байсааан... Үүрийн цолмон гэдэг одыг олж харах гэж Үүр цүүрээр гадаа өнждөг байсан юм шиг Үнэндээ өглөө од тэнгэрт залардгийг Өчүүхэн жаахан охин тэр л үед анх харсан. Халаасандаа мянгаас илүү мөнгөтэй Харсан болгоноо авчихдаг сачийтай Хором бүрт үнэтэй шоколадаар сэтгэлээ цатгаж Хүүхдүүдэд илүү гоё сайхныг гайхуулж болох байсан ч Харин азаар эрхэлж биш нэрэлхэж өссөөн би Хамгийн гоё сайхныг тойрч хүн болсон Үүнийгээ би азгүйдэл биш зол гэнэм Үүнээс илүү жаргалтай амьдрал минь одоо хаа байхав...

Намайг хийсгээрэй

Хатуу ч гэсэн дурсамж дүүрэн энэ амьдралаас Хүн тавилангаар нэг л өдөр хагацах учиртай Хаврын тэнгэр шиг энд тэндгүй хийсэх Хэнэггүй миний сэтгэлийг бодож Хүн шарилыг минь газар дор хөдөлгөөнгүй гэгч нь Хөрсөнд булж намайг бүү зовоогоорой Хөөрхий тэнүүлчхэн сэтгэл минь Хүн орчлонгоос холдож чадалгүй тарчилна шүү дээ Харин намайг мөнх бусыг үзэх тэр үед Хөрсөн биеийг минь цагаан даавуугаар ороогоод Хэн ч байхгүй хоосон орон зайд Хамаг биеийг минь гал халуунаар шатаагаарай Хүн байхдаа амсаагүй дулааны илчийг тэгэхэд нэг мэдэрье Хөвсийж юу ч үгүй үнс болох үед Хөөрхий намайг салхинд даатгаад явуулаарай Хадан цохион дээрээс амь бус эд эсийг минь Хайр найргүй цацаж агаарт хийсгээрэй Тэнгэр ямар уудам болохыг харах гэсэн юм Тэртээ хол нисэх ямар байдгийг үзэх гэсэн юм Тэгсэн ч болоогүй салхинд өөрийгөө сүүлчийн удаа Тэмтэрч мэдэрч болох нь уу үзэх гэсэн юм Бурууг хийсэн гэж намайг зэмлэв ч Булшинд л намайг мөнхрүүлж орхив оо