Итгэх хэрэгтэй ~ Steve Jobs



"Ер нь чи ямар нэг зүйлд итгэх л хэрэгтэй. Зөн совин, хувь тавилан, карма...өөр юу ч байж болно. Итгэл минь хэзээ ч урам хугалж байгаагүй. Зүрх сэтгэлээ дагаж хийж байсан бүхэн минь л миний амьдралыг өөрчилж чадсан." Зөн совиндоо итгэ гэсэн агуу Стив Жобсын хэлсэн үгийг интернетээс олж уншаад толгойд минь түмэн бодол, мянган хүсэл мөрөөдөл орж ирэх шиг боллоо. Энэ үгсийн уншчихаад цайндаа гарч гадуур алхахдаа олон түмэн асуултуудыг өөртөө тавьж, чухам өөрөө тэдгээр асуултуудад хариулж чадах эсэхээ бодон алхална. Гудамжаар алхахад яасан ч гоё юм, нар ээгээд л хаа сайгүй хүмүүс өдрийн цайгаа уух гээд эсвэл уучихсан хурдхан ажилдаа оръё гэсэн байртай хажуугаар зөрөөд л... 

Гэтэл миний зөн совин надад юу хэлнэ вэ? Яг Стив Жобс тэрхүү коллежийг хаяхдаа, өөрт нь хэрэггүй бас эцэг эхийнхээ мөнгийг дэмий зүйлд зарцуулаад байгаа гэдгээ өөрийн зөн совингоороо мэдэрсэн шиг надад ч бас ийм бодлууд хааяа, тэр ч бүү хэл чухал үед орж ирдгийг би гэнэт санасан юм. Нээрээ л тийм юм шиг ээ. Нэг зүйл хийж эхлэхэд, эсвэл ямар нэг шинэ, тэс өөр зүйлд шамдан ороход яахын аргагүй тэр зүйл надад тохирох уу эс тохирох уу гэдгийг сайтар тунгаан бодох хэрэгтэй болдог. "Дургүйд хүчгүй" гэгчээр заримдаа яах ч аргагүй надад тохирохгүй зүйлийг би өнөөдөр хаясаар бас ардаа орхисоор ирсэн байна. Алс холын нутагт сурна гээд гэрээсээ чемоданаа дүүргээд зорьж байсан минь саяхан шиг санагдаж байна. Нүдэндээ дүүрэн нулимстай ээж аавыгаа нисэх онгоцны буудлаас шилэн цонхны цаанаас үдэж байснаа эргэн дурсахаар одоо бодохнээ тэр айлын бага эрх хүүхдийн үзээгзй сураагүй нэгэн балчир зан байж дээ гэж бодогдоно. Гэвч тэр балчир зан минь удаан үргэлжлээгүй юм. Гадаадад ялангуяа тэнд сурч, амьдрах минь миний амьдралын нэг хэсэг биш юм байна аа гэдгийг ойлгож ухаарсан дариудаа л Монголруугаа шуурга мэт хурдлан нэгхэн шөнийн дотор ээж аав дээрээ ирчихсэн байсан. Ингээд бодохоор хүний хийх ёстой зүйл хийх л ёстой зүйл байдаг. Харин хийх ёсгүй, хүсэхгүй зүйл эсвэл хувь тавиланд тусгагдаагүй зүйл гэж байдаг нь үнэн юм шиг байгаа юм. Үүнд бас нэг зүйлийг тунгаан бодохгүй өнгөрч болохгүй мэт. Бид аливаа зүйлийг хийж эхлэхийнхээ өмнө төсөөлөн ургуулан бодож, бараг л үр дүнг нь тооцчихсон байдаг нь тун ч их харамсалтай. Учир нь бидний төсөөлсөн үр дүн, бодит биелэлээ олсон үр дүн хоёр хар цагаан мэт хоорондоо маш их ялгаатай зүйл гэдэг нь амьдрал дээр тодорхой байна. 

Аливаа зүйлийг туршиж, өөрийн нүд, чихээрээ сонсон мэдэрч байж л надад тохирох эс тохирох тухай ярьж эхлэмээр... Тийм ч учраас би одоо тэр үед гадагшаа шал дэмий явж, мөнгө, цаг хугацаа үрж дээ гэж огтхон ч харамсдаггүй. Харин ч Стив Жобсын хэлснээр хүсэхгүй, тохирохгүй хүлээсэндээ баригдаад тэндээ гачцихсан бол энэ жинхэнэ аюул бас харамсал болох байсан. Зүгээр л бүх зүйлсийг өөрт хэрэгтэй хэрэггүй гэдгээ мэдэхийн тулд бодитойгоор туршиж үзэж, өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлөө хайж олтол турш, туршсаар бай бас дахин турш гэж миний зүгээс та бүхэнд хэлмээр байна.!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан