Амьдралын шалгуур...

Амьдралд хүн болж төрөөд хүмүүний нэн тэргүүнд хийх зүйл бол өөртөө ямар нэгэн том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж, хичээж, амьдардаг. Тэр нь юу байж болох, юу вэ гэдэг нь хорвоо ертөнцөд цор ганц орших хүн таны бодож тунгаах хэрэг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн зорилго адилгүй. Тийм ч учраас бидний гишгэж байгаа жим, алхаж байгаа зам өөр өөрийн гэсэн хүрэх газартай. 

Гэхдээ, миний бодлоор хүн яг таг гээд зорилгоо тодорхойлчихдоггүй, харин жижиг жижиг зорилгуудыг өмнөө тавьснаар эцэст нь амьдралынхаа зорилгоо юу болохыг ухамсарлаж, сая нэг тэр цор ганц зорилго уруугаа тэмүүлдэг юм шиг байгаа юм. Үүнийг бичиж суугаа өнөөдрийн минь зорилго уншигч та бүхэнд бидэнд тэр том зорилгод хүрэхэд тулгардаг саад тотгоруудыг тодорхойлоход оршиж байгаа юм. Нэг ёсондоо энэ нь амьдралын танд тавьж буй насан туршийн чинь үнэ цэнийг илэрхийлэх шалгуурууд юм. 

Амьдралын үнэ цэнээ мэдэрч ойлгосон, аливаа зөв бүхнийг эрхэмлэгч, зүрх сэтгэлээ чагнан сонсогч, тавьсан зорилгодоо үнэнч хүмүүнд тэдгээр амьдралын тавьж байгаа шалгуурууд бол юу ч биш. Эсрэгээр хэн нэгэн аливаад амархан сатаардаг, зорилгоо үл ухамсарлагч хүмүүнд бол тэд нар нь жинхэнэ шалгуурууд болой. Давж чадаагүй нь тэндээ гацаж, арай ядан чадсан нь илүү ихийг сурч ойлгон, зөв замруугаа хөтлөгдөх жишээтэй. 

Харин тэд нар нь юу байж болох вэ? 

1. Мөнгө

Хамгийн түрүүнд хувь хүн надад бодогдож байгаа том саад нь мөнгө байна. Яагаад мөнгө гэж?

- Зарим нэг нь тааварлаж байгаа байх. Мөнгө гэдэг яг л ид шидийн эрдэнэс шиг, хэт их гялалзахаараа нүд сохолж, харин өнгөө алдахаараа харцанд үл өртөгч сонин зүйл. Мөнгөгүйгээр төсөөлж үл болом өнөөгийн нийгмийг би буруутгаж үнэхээр чадахгүй нь. Мөнгөгүйгээр авч болох үнэгүй зүйлс, инээмсэглэл, хайр, нөхөрлөл бүгд өнөөдөр мөнгөөр хэмжигдэх болсон нь тун харамсалтай.

Юун түрүүнд мөнгөтэй хүн, мөнгөгүй хүн, мөнгийг хайгч хүн гэж хүмүүнийг гурван хэсэгт хувааъя. 

Мөнгөтэй хүн гарт нь хэдий чинээ мөнгө орж ирнэ, тэр хэмжээгээрэ амьдралынхаа зорилгоосоо нэг нэг алхмаар холдож, түүний хувь хүний үнэ цэнэ, амьдралыг үнэлэх үнэлэмж замхран алга болно. 

Мөнгөгүй хүн яахын аргагүй мөнгө хэрэгтэй байдаг энэ нийгэмд юун түрүүнд сэтгэл санаагаар унаж, улмаар амьдралын зорилгодоо хүрч чадахгүй мэт сэтгэж, хэдийн бүх зүйлд бууж өгнө.

Мөнгө хайгч хүн үл сатаарахуйц хамгийн их магадлалтай хүн боловч дээрхи хоёр хэсэгт шурган орсноор бас л амьдралынхаа зорилгоо үл ухамсарлах аюултай. 

2. Хайр дурлал

Үүнд эцэг эх, найз нөхөд, ах дүүсийн хайрыг алгасчихъя. Эр эмийн хайр дурлалыг би бээр нэгэн хөдөлгүүрээр энд зүйрлье. Учир нь хайрыг муу жолооч жолоодвол хэзээ ч зорьсон газартаа хүрэхгүй, эсрэгээр сайн жолооч залваас зорьсон газартаа төвөггүйхэн хүрчихнэ, ядах юмгүй. 

Гэхдээ бас их хэцүү. Хайр гэдэг зүйл их сайхан атлаа бүтэхгүй, шархалсан, хагацсан болж хувирахаараа амьдралынхаа зорилгод тэмүүлж яваа хүмүүний хэчнээн их цаг хугацаа, эрч хүч, оюун санааны эрүүл саруул хүчийг сорж, устгадагийг төсөөлөх ч зүйл биш. 

3. Нөхөрлөл

Мөнгөөр авч болдоггүй хэрнээ мөнгөөр хаяж болдог энэ зэвүүн нийгэмд сэтгэл минь үнэхээр шимширч явдаг. Бид бүгдэд л сайн муу найз нөхөд гэж байдаг. Сайн муугийн адилаар чиний амьдралд сайнаар ч нөлөөлөх хүмүүс, муугаар ч нөлөөлөх хүмүүс бий. Гэхдээ энэ нь тэд нарын буруу болон санаатайгаар нөлөөлж байгаа хэрэг огтхон ч биш юм. Учир нь тэд нарыг сайн муу байлгах эсэх нь болон өөртөө муугаар нөлөөлүүлэх үү, сайнаар уу гэдэг нь цор ганц чамаас, өөрөөс чинь бүрэн шалтгаалах хэрэг юм. 

"Нөхөрлөл хүнийг олж ирдэг ч, өөртөө үлдээх эсэх нь чиний хэрэг"

4. Тун хэтрүүлэлт

Үхэл амьдралын дардан замаар өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр нүдээ аниад шууд яваад өнгөрөх дэндүү уйтгартай. Амьдралыг илүү сонирхолтой, амттай ч гэх юм уу, эсвэл давстай, чихэртэй болгодог их олон зүйл бий. Тэр бүхэнд аливаа "тун" гэж бий. Найз нөхөд, алба ажлын хүмүүс гээд л сууж ярилцахдаа татчихдаг хэдэн грам, аливаа асуудал, стрессээ тайлахаар магадгүй зарим нь бусдад "сайхан" харагдах гэж татдаг аль эсвэл орчихоод гарч чадахгүй гадны нөлөөнд автагдсаар байгаа янжуурын тун, за тэгээд болох болохгүй "уруу татагч" - уудын тунг хэтрүүлбэл юун тэр өмнөө тавьсан амьдралын зорилго, тэр бол зүгээр л нэг нэр төдий болж хувирах аюултай.

  

/Үргэлжлэл бий/

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes