Би магадгүй шүлэгчин

Би магадгүй шүлэгчин байх
Бусдад хэлэх хэдхэн мөртөө
Будилж арай л нийлүүлчихээд
Бушуухан түүнээ танд хүргэх гэж яардаг
Би магадгүй шүлэгчин байх

Сэтгэл минь магадгүй далай шиг байх
Сэлж гарахын аргагүй урсах
Сайхан муухай үгсээ холбочихоод
Санаа оноогоо танд өчих гэж тэмүүлдэг
Сэтгэл минь магадгүй далай юм аа

Үгс минь магадгүй үнэн байх
Үнэнч хүний худал үйлдэлтэй хорвоод
Үнэнийг өчих хүнд ялыг үүрчихээд
Үүрээр ч болов танд шивнэх гэж зовинодог
Үгс минь магадгүй үнэн юм аа

Би магадгүй шүлэгчин байх
Битүүхэн оньсгон хэдхэн үгсээ
Бүтээж би шүлэг болгочихоод
"Бэрх" шатарчин танд хэлэх гэж зүрхэлдэг
Би магадгүй шүлэгчин юм аа...



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан