Тэр, тэр байхаа болих үед...

Амьдрал их сонин л доо... Нэг л өдөр чиний дэргэд хэдэн сайхан найзууд чинь мишээгээд л байж байдаг хэрнээ өнөөх л нэг өдөр тэд бүгд хааччихсан юм гэмээр алга болчихдог. Би энд хаа нэгтээ ор сураггүй алга болох тухайд буюу бие махбодийн хувьд холдох, алга болохыг хэлээгүй. Гагцхүү бидний хамгийн ихээр итгэж, найдаж, хэзээд хамтдаа гэж зүрхэндээ үргэлж бодож явдаг байсан хүмүүс "зүрх сэтгэлээрээ" биднээс холдох, биднээс явахыг л хэлээд байна л даа.

Найз залуу эсвэл найз охин ч юм уу ингэж салах нь бол энгийн үзэгдэл, байж болох зүйл юм шиг надад санагддаг байлаа. "Ганцаараа" үлдэж хоцрох хүртлээ шүү дээ...

"Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй" - Яагаад заавал энэ үг үнэн байх ёстой юм бэ ч гэж цухалдмаар...


Санаж байна... :( Тэдгээр хүмүүсийг үгүйлж байна. Гэхдээ өнөөдөр бол бидний хамтдаа байх, хамтдаа инээлдэж хөхрөлдөх, хамтдаа л бүхнийг гэдэг байсан цаг үе биш болж. Тэр бол зүгээр л авдранд хийгээд цоожлох ёстой хуучин хувцас минь болчихож. Тиймээс хүн ер нь өөрийг нь насан туршид сүүдэр нь л дагаж явдаг болохоос өөр хэн ч биш, хэний ч сүүдэр биш гэдгийг мэдэж байвал зохино. Тэрийг ухамсарлаж байж л гэнэтхэн нэг өдөр "Хүүе, би яагаад ганцаараа байдаг билээ, ингэхэд? Миний нөгөө найз нөхөд хааччихав?" гэх цочролд орохгүй байж чадах байх. Яг үнэндээ бол би одоогоор цочролоо даван туулах гэж хичээж яваа нэгэн.

Хэзээ ч билээ, хэн нэгэн надаас илүү оймс элээсэн хүн "Хүнд ер нь найз нөхөд гэж байдаггүй юм. Цаг цагийн эрхээр гарч ирээд л алга болчихдог зүйл. Битгий хамаг итгэл сэтгэлээ өгөөд бай. Битгий хичээ" гэж хэлж байсныг иш татмаар санагдав. Тэр хүний хэлсэн үгэнд өнөөдөр би "Хүн найз нөхөд ер нь байдаггүй гэж үнэн л юм байна даа..." гэж л хариулах үлдээд байна.

Ингээд бодохоор уйтгартай байна. Эсвэл хамаг учир надад бий юу? Яалаа гэж вэ? Найз нөхөд минь гээд зүрх сэтгэл, хөл гараа хугачин байж явж ирсэн тэр цаг хугацааг тэгээд юугаар үнэлэх юм? Шударга биш байна.
Ингэсээр байгаад тэр л найзууд минь тэр л найзууд байхаа болих байхдаа.... :-/

Comments

  1. Хүн найз тай байх үгүй эсвэл найзуудаа авч үлдэх эсэх өөрөөс л шалтгаална. Тэр хүний хэлсэнтэй би санаа нийлэхгүй байна. Чи хүмүүст яаж хандана хүмүүс чамд тэгж л хандана. Би бол зөндөө сайхан найз нартай. Би өнөөдөр танилцсан хүнтэй ч сайн найз болж чаддаг. Бүх зүйл өөрөөс чинь л шалтгаалнадаа. Амжилт :-)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан