"23 настай ганц бие гэсэн чинь..."

40 настай гэхэд дөнгөж 30 шүргэж яваа залуухан хувцасаа тохируулаад өмсчихдөг, хажуугаар нь зөрсөн хэний ч нүдийг эргүүлэхээр өөртөө итгэлтэй харагддаг, мэдлэг чадвартай, чадварлаг 2 хүүхдийн ээжтэй хувийн харилцан яриа өрнүүлэх боломж саяхан надад олдсон юм. Тэр эгчтэй ярилцсан хагас цагийн дараа би бараг л хэдэн өдрийн бодолд автаж орхисон юм. 

"Миний дүү одоо хэдтэйв?"
- 23 - тай. 
"Нөхөр, хүүхэд, найз залуу?"
- Хэхэ гэж жаахан ичингүйрээд, аль нь ч байхгүй ээ, ганц бие.

гэж хэлээд л бид хоёрын халуухан яриа өрнөж эхэллээ. Би бол дотроо битүүхэн санаа зовж явдгаа нуугаагүй юм л даа. Учир нь үеийнхэн, хамаатан садан, үеэлүүд, эгч нар хүүхэд шуухадтай болоод л, хуримаа хийцгээгээд л, хүүхдийнхээ үснийхээ найран дээр уриад л.... Гэхдээ миний хувьд би тэгж ч их гүнзгий санаа алдаад, сэтгэл зовоод байдаггүй юм. Саяхан л хуримаа хийнэ, тэр нэг хүнтэй үлдсэн амьдралаа хамт элээнэ гэж дэлдэж, хийсч байгаад намайг тэр хийсвэр мөрөөдөл дунд минь ганцааранг минь орхиж одсон болохоор ёстой л нэг "зүүднээсээ сэрэх шиг" л болсон. Тиймээс одоо хүнтэй сууна гэсэн бодлоо бүрмөсөн хаясан. Таарах таарахгүй хүнтэй нийлсэн болж, хэлбэрдэж амьдрал зохиосноос өө сайхан ганц бие, юу хүссэн дураараа хийж, өөрийн зүрх сэтгэл дэх хүсэл мөрөөдлөө нэг нэгээр нь биелүүлэх боломж нь надад байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь төрсөн ижий аавынхаа дэргэд нь байж, хөл гар нь болж өгснөөр тэднийхээ ачийг нэгээр ч болов хариулах боломж нь надад байгаа болохоор л би яг одоо жаргалтай байдаг юм. 

Ингээд тэр эгчид би бас эр хүнийг танихгүйгээр ханийн замд гарч, үйлийн үр эдлэхээс айж явдгаа нуулгүй хэлэхэд минь:

"Миний дүү болоогүй байна өө, дор хаяж 25, 26 нас хүртлээ залуу насандаа зугаац, цэнгэ, залуучуудыг таниж мэд. Хүссэн бүхнээ хий, мөрөөдлөө биелүүл. Эрх дураараа бай. Шоу цэнгээн, найз нөхөд юу л хийж залуу насны жаргалыг эдэлмээр байна түүнээ хий. Харин 26 нас хэтрээд ирэхээр, тэр л үед ханилах хархүүгээ олчихсон байх хэрэгтэй. Түүнээс цаас газар үгүй гэдэг шиг 30 дөхчихвөл үнэхээр хэцүү болчихно. Тааралдсан залуучуудаа улам л голж, гоочлоод, ийм ч байна, тийм ч байна, би хүсэхгүй байна гэсээр байгаад эцсийн эцэст ёстой л мөнгөтэй баян гэхдээ ганц бие "авгай" болж хоцорно" гэлээ.

Үнэн байх л даа. /Санаа алдав./

Гэхдээ, хүмүүс хэлж байна л даа. Ижий аавын минь үе одоо өнгөрсөөөн. Бие биедээ үнэнч байж, нэгнээ насан туршдаа хайраа хөрүүлчихгүйхэн шиг хайрлана гэдэг худлаа болчихсон гэж байна. Аа яа яа... Тэгэхээр чинь одоо яах болж байна аа? "Аа, өчигдөр нэг сайхан хүүхэнтэй танилцаад бла бла бла..." гэдэг үгийг өдөрт эр гэсэн хүн бүхнээс сонсох юм. Тухайн үедээ зүгээр л нэг инээдэм, сонин хачин шиг сонсогдож байгаа ч, ард нь үлдэж хоцорч байгаа эхнэр, хүүхэд л надад үнэхээр өрөвдөлтэй санагддаг.

Хэрэв би нэг хүний гэргий болоод юу ч мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий, гэртээ хүүхдээ хараад л, харин өө мань эр харин ажил дээрээ ирээд далдуур минь тийм зүйл хийгээд л, надаар доог тохуу хийж байвал яах юм бэ?

Ингэж бодохоор хүнтэй суугаад хэрэг юу байгаа юм бэ л гэж бодогдоно.... Би ямар мөнгөтэй эр хүний хэтэвчийг харж, хэдэн хүүхэд төрүүлэх гэж хүнтэй сууж байгаа биш дээ. Бодит амьдрал үнэхээр тийм юм бол, үнэхээр хань ижилээсээ бүтэн хайр халамж, үнэнч хайрыг амсаж чадахгүй юм бол .....???

Энэ тухайд тэр эгч ийнхүү хэлэв. 

" Өө тэгээд амьдралд замаа нийлүүлсэн эр эм хоёрын амьдралд хэн нь хэнийгээ хуурахгүй байна гэж "байгалиасаа" байдаггүй юм. Нэн ялангуяа эрчүүдийн хувьд. Ёстой "яв"-санаа эхнэртээ мэдэгдээгүй, эхнэр нь мэдээгүй өнгөрвөл ёстой л аз. Болно. Цаашаа амьдрал аятайхан байна. Болжийн. Бүтжийнэ. 

Чөтгөр аваг гэж?! Энэ одоо юу гэсэн үг юм бэ? Хараал ид. Ингэж бодохоор эмэгтэй хүн бол зүгээр нэг "ээмэг"тэй хүн биш байгаа юм. Дэндүү харамсмаар, дэндүү өөдгүй, дэндүү шударга бус тавилан тэдэнд хэзээд....

За тэгээд болоогүй. Нөгөө ганц бие, дөнгөж хорь хүрч яваа санаа нь аль хэдийн "хүүхэн" болчихсон охидууд чинь эхнэртэй, ар гэртэй эрчүүдэд "биеэ үнэлж" эхэлнэ. Ингээд ярихаар нийгмийн асуудал руу шургачих гээд байх юм. Үнэхээр харамсмаар... Доодохоо захирч чаддагүй, хөгийн, арчаагүй, "аргаа барсан" хар юмнууд л тэд нарыг ингэж өөгшүүлж, "ингэж болдог юм байна" гэсэн хэвийн бодлыг тархинд нь суулгаж, амар хялбараар амьдрах, идэж уух замыг нь зааж өгөөд байгаа юм. 

Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд, хосууд за, бие биендээ хайртай болоод л хуримаа хийгээд л, эхнэр нь удахгүй жирэмсэн болно. Энэ их хэцүү. Зүгээр л өнгөцхөн аваад үзвэл их жаргалтай хэрэг л дээ, бүл нэмж, аав ээж болно гэдэг. Хүүхэд төрүүлсэн нөхөртэй найзуудаасаа сонсохоор нэг л зүйлийг надад гүн бодогдуулж орхидог юм. Хүүхэд төрүүлсэн л бол "нөгөө ажил" нь эхнэртэйгээ "тийм ч" сайхан биш болчихдог гэнэ. (Хараал идсэн эрэгтэй хүний байгалийн хүслэн !) Тэгээд л нөгөө хүүхэд гаргаагүй, ганц бие охидууд руу "өөрийн эрхгүй" хошуурдаг гэнэ дээ. Тэгэхээр чинь одоо "бид нар" нөхрөө өөр нэгэн нялх ногоонд алдчихгүйн тулд, харилцаагаа цэвэр ариун, шударга авч явъя гэхээр хүүхэд огт төрүүлэхгүй байх ёстой болж байна уу? Чааваас даа бид нар...

Тэр эхнэр нь яг энд хэн болж хоцорч байна вэ? Зүгээр л хүүхэд гаргач уу тэгэхээр? Зүгээр л хүүхэд гаргатлаа тэр эр хүний хүслийг хангагч уу?

"Эмэгтэй хүн цалин бага ч бай их ч бай ажилтай л байх ёстой. Хүүхэд төрүүллээ гээд гэрт суугаад гэрийн ажил хийж, нийгмээс тусгаарлагдана гэдэг эмэгтэй хувь хүний хувьд яагаад ч байж боломгүй баймаар..."

Ийм ч учраас 40 гарсан хүүхэдтэй эхнэр хүмүүс аль хэдийн энэ "асуудал"-тай эвлэрчихсэн байдаг биз. 

Энэ бүхэн чинь зүгээр л "амьдралын үнэ цэнэ"-ийг устгаж байна. Ямар ч утгагүй хэтэрхий сул болгож байна. Байж боломгүй хэрэг юм шиг мөртлөө бодит амьдрал дээр БАЙЖ Л БАЙДАГ". 

Муухай юм....

Дээр үед ээж аав нарын үед болоод л байдаг байсан. Нэг нэгнээ л гэсээр насыг хамт элээсэн олон ч хөгшчүүл байна даг. 

Би амьдралын өнгө мөнгөнөөс илүүтэйгээр амьдралын утга учирт итгэж явдаг хүн. Хэзээ ч хүний гэргийн нулимс, үзэн ядалтыг барж, арчаагүй эм явна гэж боддоггүй. Болохгүй зүйлийн төлөө хөөцөлдөж явах мунхаг ухаан надад байхгүй. Надад тэр хөнгөмсөг, ухаан муутай эр хүний өгч чадахаас илүүтэйгээр нэр төр, бардам зан минь надад юу юунаас ч илүү чухал. 

Би яг одоо ганц бие, залуухан бүсгүй. Миний үеийн Монголын минь охидууд яг ийм бодолтой яваасай гэж би хүсч байна. Залуухан дөнгөж сургууль соёлоо төгсөөд явж байгаа цэцэг цэврүү шиг сайхан охид маань "хүнээ алдахгүйхэн шиг" хүн шиг амьдраасай. Хүн шиг боловсрол эзэмшээд, өөрийгөө боловсрол мэдлэгтэй хүн болгож аваад, хэнээр ч дутаж, хэнээр ч чичлүүлэхгүйгээр амьдралаа аваад явдаг чадалтай болоосой. Өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаар дэлхий дахинд хүртэл цуурайтаж байхад ганцхан эр хүний энгэрийг хараад суух биш өөрөө ч гэсэн уулын оргилд гараад өндөрлөгөөс хорвоо ертөнцийг хардаг байгаасай. 

Аливаа юмны сайхан муухай, сайн муу, болно болохгүй гэдгийг ухамсарлаж "зөв" л амьдраасай даа. Тэгж л гэмээнэ..

Охид минь ариун
Эмэгтэйчүүд маань амар амгалан
Эрчүүд минь ухаалаг
Эх орон минь цэцэглэн хөгжих буй заа.... 

2014-09-24

"Зөндөө олон хоног энэ талаар эргэцүүллээ. Хүмүүстэй солилцсон санал бодлоо ийнхүү найруулж бичихийг оролдлоо. Магадгүй энэ тухай бодол маань хэдэн арван жилийн дараа хүүхэд, гэр бүлтэй болоод өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ л #ягодоо - гоороо амьдрах сайхан шүү дээ." 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан