"Би баярладаг юм"

Би баярладаг юм
Өдийг хүртэлх дурсамжууд минь
Өөртэй минь хамт үлдсэнд баярладаг
Өвгөрч насыг элээсэн ч
Өвөө эмээгээ дэргэд байгаад баярладаг
Би баярладаг юм
Дөнгөж сая авсан амьсгал чинь
Чамд өгөх бэлэг гэдгийг уншаад
Дэвхцэж харайх хөл гартайдаа
Чамлахааргүй сайхан амьдралтайдаа баярладаг
Би баярладаг юм
Хүн төрөлхтөний түүхийг
Хоршин бичиж суугаа өөртөө баярладаг
Хүний орчлонгийн шороог
Хөлийнхөө улаар хөдөлгөж яваадаа баярладаг
Би баярладаг юм
Элэг бүтэн ижий аавыгаа байгаа болохоор
Эрдэнийн чулуунд шунах хүсэлгүйдээ баярладаг
Эндэж алдсан ч түших ахтай болохоороо
Эргэж хараад хэзээ ч уйлдаггүйдээ баярладаг
Би баярладаг юм
Гэмгүй сайхан хүмүүсийн цагаахан сэтгэлд
Хариу нэхээгүй тус хүргэхдээ баярладаг
Гэрээсээ гараад алхахдаа нарыг би ширтээд
Хачин сайхан санаа алдахдаа баярладаг
Би баярладаг юм
Хайртай гэдэг үгийг минь сонссон хэн бүхэнд
Хамаг зориулсан сэтгэлийг минь хүлээж авсанд баярладаг
Үүрдийн биш зуурдын жаргалыг бэлэглэсэнд
Үнэн худлын хорвоод нүдийг минь нээж өгсөнд баярладаг

Би баярладаг юм
Намайг оршдог болохоор
Нар дээрээс ээдэгт баярладаг
Намайг байдаг болохоор
Наснаас минь их одод түгдэгт баярладаг

Би баярладаг юм...
2014-09-21
11:28 цаг минутад
"Хорвоод баярлаж явдаг сэтгэлдээ бахдаж ядаад бичлээ..."

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан