Хэзээ ч уулзаж байгаагүй "Миний өвөө"

Энэ жилийн цагаан сараар жил бүрийн уламжлал ёсоороо хөгшин өвөө эмээ хоёр дээрээ очиж золгох гээд Шиний нэгний өглөө 300 км-ын холын замд гэр бүлээрээ гарав. Гэртээ үлдээд хотод шинэлэх аядангаа болж болох л байсан л даа. Гэхдээ ингэж явах аяллын эцсийн шийдвэр гаргах тэр мөч эцсийн эцэст над дээр ирдэг юм байна. Тэгээд би бодлоо...

"Эмнэлэгт хэвтэж байгааг ч хэлэх үү, ийш тийшээ ер явмааргүй санагдаад, зүгээр л нэг нүхэнд хоргодоод үлдмээр санагдсан боловч сураг дуулахнээ хэдий бүх хүүхдүүд ач зээ нар нь цугларсан ч том охиноо харуулдаад хүлээгээд л сууна гэнэ. Тэгээд бодлоо:

  • Миний ганц өвөө эмээ хоёр том охиноо хэдэн ач зээ нартай нь хүлээгээд л, харуулдаад л суугаа даа... Зайлуул, бид л тэднийгээ гэхгүй юм бол өөр хэн тэднийг минь гэх вэ дээ... Тэгээд ч миний сэтгэл санаагаар хямарсан, ганцаараа баймаар байгаа тэр хүсэл эх, эцэг хүн үрээ харах гэсэн хүслийг яаж гүйцэх юм бэ?

Явъя гэж хэлээд л ээж аав ах эгчийгээ уриалчихав.

Айлын эрх охин шиг, хөршийн эрх муур шиг өвөө эмээдээ нялуурч эрхэлж нэг ч үзээгүй ээ, зүгээр л тэднийгээ эрүүл саруул явж, бидэндээ амьд бурхан шиг намбайгаад сууж байх нь л надад сэтгэл сэтгэлийн дээд мэт санагддаг юм.

Гэхдээ энэ нийтлэлдээ "энэ" эмээ өвөөгийнхөө тухай бичих гэсэнгүй.

Бага байхад нэгэн үзэгдэл санаанаас ер гардаггүй юм. Нэг шавран байшин хүүхдүүдтэй хамт тойрч гүйж байхдаа нэг цагаан алаг нохойд баруун хөлнийхөө шилбийг тас хазуулж билээ. Одоо хэрнэ өвдөлтийг нь яс махандаа шингэтэл мэдрэх шиг... Тэр өдөр нь их учиртай өдөр байсан аж. Амьдралдаа ганцхан л удаа эгцлэн хараад инээхийг нь үзсэн эмээгийн минь насан өөд болсоны цайллага болж байсан юм. Тэр үед хүүхэд байсан юу юугаа ч мэдэлгүй "баярлан" хөөрөн давхиж гүйлдэхэд минь бурхан тэнгэр намайг цээрлүүлэн шийтгэх шиг тэгж нохойд хазуулсан байх гэж боддог юм.

Түүнээс хойш айлын хүүхдүүдийг хоёр эмээтэй байхыг үзээд "шарандаа" аавынхаа бага эгчийг дандаа "Долгор эмээ" гэж дуудах дуртай байсансан. Ингэж дуудахад минь ах нэлээн дургүйхэн, нэг л өдөр чи ингэж дуудахаа боль гэж билээ. Жаахан ч гэсэн том болж, ухаан суусан байсан болохоор тэр дороо больчихсон. Гэхдээ ингэж зөрүүдэлж, утгагүй ааш ааль гаргадаг минь цаанаа учиртай байсан юм.

"Нохойд хазуулсан тэр аймшигт өдрийг бодон дурсах бүртээ цээж хөндүүрлэн, нүдэнд нулимс хурах хүртэл дотроо боддог байсан юм.

Долгор эмээгийнд очих бүрт хашаанд нь байдаг байсан жижигхэн цагаан гэрт "миний эмээ" байдаг юм шүү, энэ хүн бол чиний эмээ чинь шүү!

гээд тэр олон удаа очихдоо яагаад ганц удаа надад хэлчихээгүй юм бэ хэн нэгэн нь?!

Тэгсэн бол би эмээгийнхээ нүдрүү танихгүй айлын хүүхдийн нүдээр биш танхил эрх зээгийнх нь нүдээр харах байсан юм.... Ганц удаа л харах боломж олдохдоо...

Надад эмээгээ харах ганц л боломж байсан, би ч түүнийг нь мэдээгүйтэй адил ах маань ч гэсэн өвөөгөө харах ганц л боломж байсан гэхдээ өвөөгөө гэж мэдээгүй бас л өнгөрсөн...

Ах маань төрөх гэж нэлээн л юм болсон бололтой. Санд мэнд хүүе хаая гэж байх зуур сумын нэг эмнэлгийн нэг орон дээр өвөө маань сүүлчийн амьсгалаа хурааж байхад яг нөгөө орон дээр нь миний ах хорвоод мэндлэхдээ чарлаж байлаа... Ингээд ахыг минь өвөөгийн минь сүнс, төрөхийн хүндрэлтэй байхад нь өвөө маань ахад амь хайрласан гэдэг...

Тэгэхээр надад бол өвөөгөө харах боломж бүү хэл сураг ч байсангүй. Хэзээ ч уулзаж байгаагүй "Миний өвөө" ийм хүн байсан гэдэг:

Миний өвөөг Очир овогтой Дорж гэнэм. Цэрэгт адууны зүчээний дарга байсан гэсэн. Тийм болохоор энд тэндэхийн нутаг усны олон танил талтай болсонж. Багаасаа ахтайгаа хоёулаа амьдарч, аж төрж ирсэн. Угаасаа л Булган нутгийн хүмүүс бөгөөд эмээтэй маань ханилж, Хишиг-Өндөр сумын Сантын эх гэдэг газар суурьшсан ба тэнд миний аав хүн болж өсөж торнин өдий зэрэгтээ аав минь яваа билээ.

Адууны зүс сайн мэддэг, аргалж бас чаддаг. Аливааг уур уцаар, хүчээр биш эе эвээр шийдэх, хийхийг эрмэлзэгч нэгэн байжээ. Хаа барагийн хүн адуун дундаас хүн шиг мордоод уначихдаггүй адуу гэдэг тийм омголон догшин атал өвөө маань зөөлхөн дөхөж очоод гараараа илж байгаад л мордчихдог аргатай хүн байсан гэнэ. Морь уургалахыг үздэггүй юм гэнэ лээ, амьтан уурлуулж хилэгнүүллээ гээд. Тийм ч болохоор аав маань морь уургалах дур хүслээрээ хээр гарч байж, ааваасаа холдож байгаад уургалах гэж нэг үзсэн гэдэг.

Цэрэгт байхын энд тэндэхийн олон танилтай болсон өвөө дээр маань зочин гийчид бараг тасардаггүй, нутгийн ахмадууд салдаггүй байсан гэнэ. Ирсэн зочдын унсан морийг аргамжиж аргадан тушдаг нь аав минь байлаа. Эмээл юуг нь авч өлгөж, адуу мал, ар гэрийн гадаах ажлыг нугалж байх зуураа гэрт орж аавынхаа гийчидтэй хорвоогийн сонин сайхан, хүний элдэв ёсыг ярилцахыг нь шимтэн шимтэн сонсож амждаг байв. Аав минь дороо дүү олонтой учраас дүү нь төрмөгч эцгийн суганд өссөн гэнэ. Өвөө маань огтоос уур уцааргүй, хүмүүстэй хууч хөөрөн намбайчихаад л гэрийн хойморьт суудаг байсныг нь аав минь бидэнд дурсан дурсан ярих зуур эмээ минь ирсэн явсан хүмүүсийн гэдэс ходоодыг лав хоосон байлгадаггүй сайхан хүн байсан гэдгийг олж сонсох нь тэр.

Өвөө эмээгийнхээ байр байдал, зан төрх, ааш аягийг нь магтан дуулах гэхэд мөхөс миний бичвэрийн ядуухан чадвар үнэндээ л гологдоно. Аавынхаа ой тоонд дүрслэгдсэн үлдсэн тэднийхээ зураглалыг тэр чигээр нь буулгаж чаддаг ч болоосой.

Аавыгаа ийм байж билээ, тийм байж билээ, ээж минь ингэж байсансан тэгж байсансан гэдэг үүх түүх явдал бүрийг сонсохнээ миний өмнө энэ амттай түүхийг өгүүлж буй аав минь яг л тэднийхээ эгэл хойд дүр нь мэт надад харагдаж байв. 

Өвөө эмээгийнхээ тэр л үед амьдарч үзэхсэн...

Ер нь хөдөөний амьдралыг хэн хүнгүй яриад байхаар яг тэр он жилүүдэд нь очиж амьдарч үзэхсэн гэдэг бодол байнга төрж байдаг юм.

Огтоос уурлаж, хүүхдүүдээ загнадаггүй байсан өвөө маань нэг л удаа аавыг ахын хамт ташуурдаж байсан сурагтай. Алаг хорвоогийн мөнх бусыг үзүүлж байхаар алгадаж ташуурдаад ч болов бусдын эцэг шиг дэргэд нь намбайгаад сууж байхгүй яав даа гэсэн шиг аавын минь хоолой зангирч, алсын алс одсон өвөөг минь тэр санасан бололтой....

Бага байхдаа би аавыгаа архи уухад нь нэг удаа асууж байсан юм.
  • "Аав аа, Та яагаад архи уудаг юм?
  • Яагаад гэвэл, аавынх нь аав ээж хорвоо дээр байдаггүй болохоор тэр.
гэж хариулж байж билээ. Тэрхэн үедээ гуравдугаар ангийн жаахан охины нүд чихийг хуурсан хариулт байсан боловч яг үнэндээ хүний сэтгэлийн угт ямар харуусал, ямар уй нуугдсан байдгийг үнэндээ хөндлөнгийн хүмүүс бид дотор нь орж үзсэн биш яахин мэдэж дийлэх вэ дээ.

Ингэж бодохоор л хүнд хүний эцэг эхээс илүү "амин эрдэнэ" гэж юусан билээ...

Хэзээ ч уулзаж байгаагүй миний өвөө ийм л хүн байсан гэдэг. Хэн хэнээс асууж сурах нь үгүй өвөөгийн минь түүх ингээд дууслаа. Ааваасаа өөр хэнээс ч өвөөгийнхөө тухай хэдхэн үг сонсож үл чадна би. Ахуй залуу, идэр насандаа өвөөгөө би ааваараа дүрслэн ХАЙРЛАХ, ХҮНДЛЭХ, ЭНЭРЭХ учиртай.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан